ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Би завгүй байсан учир хүүхдүүдийг анзаараагүй

ХЭРГИЙН ГАЗРЫН СУРВАЛЖИЛГА: Би завгүй байсан учир хүүхдүүдийг анзаараагүй

-ГЭРТЭЭ УЙДСАН ХҮҮХДҮҮД ЖАРААХАЙ ХАРАХААР
НУУР РУУ ЯВЖЭЭ-

Зуны эхэн сарын нар төөнөсөн халуун өдөр.  Улаанбаатар хотод цар тахлын улмаас  хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэг амраад зургаадах сарынхаа нүүрийг үзэж буй үе. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хороо буюу Дэнжийн 1000 хорооллын ойролцоо амьдардаг найзууд ээж, аавыгаа ажилдаа явсан хойгуур дүү нараа харж гэртээ байдаг ч сургуульдаа явалгүй бүтэн таван сар болсон учир их уйдацгаана. Тэдний амьдардаг орчимд тоглоомын талбай, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг, усан оргилуур байхгүй учир тэд заримдаа гэрээсээ зайтай байрлах сагсны талбайд очиж тоглоцгооно.  Гэвч гадаа 27 градусын халуун лхагва гарагт тэд гэрээсээ хол нууранд очиж жараахай харахаар тохиролцжээ. Өмнө нь хэдэн найзууд нь очиж харсан учраас энэ удаад 10-лаа явахаар шийдэж. Хэтэрхий хол учраас 16 нас ч хүрээгүй хүүхдүүд гэрийнхэндээ худлаа хэлэх нь хэлж их хотынхны зугаалдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү зүглэжээ.  Үд дунд халуу шатаж эхлэх үед хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээс урагш явж, Маршалын гүүрний зүүн талд байрлах хиймэл нууранд хөөсөнцрөөр завь хийн тоглож байв.

-3,36 ГА ХЭМЖЭЭТЭЙ ЗАДГАЙ ТАЛБАЙГ 60 НАСТАЙ
НЭГ МАНААЧ ХАРИУЦДАГ-

“Хан Талст” компанийн Туул голын эрэг дагуу хийж буй бүтээн байгуулалтын газрын манаач 15-16 цагийн орчимд түргэний машинд хаалгаа нээн оруулжээ. Манаач эр гайхах сандрах зэрэгцэн учрыг тодруулж  тус талбайд үүссэн усан толионд  хүүхдүүд живсэн талаар олж мэдсэн байна. Нийт 3,36 га хэмжээтэй тус газарт Монголын анхны эргийн тохижилт, наран шарлагын газар, задгай театр зэргийг хийх байсан ч шаардлага хангаагүй ажиллаж байсны улмаас ажил зогссон аж. Тухайн үед гаднаас машин нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн манаач бохир усны хоолой холбохоор ирсэн машинуудад хяналт тавиад завгүй ажиллаж байх үед ийн 10-15 насны дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг талбай нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнх байсан ч  2014 онд 3,36 га газар олгох зөвшөөрлийг хотын дарга асан Э.Бат-Үүл үзэглэж, тухайн үед ҮЦХ-ийн захирлаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан аж. Өнгөрсөн оны тавдугаар сард Хотын дарга С.Амарсайхан тус ажилтай танилцаж явахдаа сайшаасан удаатай. Хэдий ийм ч Мэргэжлийн хяналтын газрын удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байгааг илрүүлжээ. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдлийг хоёр ч удаа өгсөн гэв.

Өчигдөр албан ажлаасаа чөлөөлөгдсөн ҮЦХ-ийн захирал асан С.Эрдэнэтуул ч бас компанийн мэдэлд байгаа газраа эргүүлж авах хүсэлтийг гаргаж, үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сануулга өгч байсан аж. Гэвч тус компанийнхан өөрсдийн эзэмшлийн газар нутаг дээрээ үйл ажиллагаа хэрхэн явуулах нь та бүхэнд хамааралгүй гэх хариултыг өгч байжээ.  Мэргэжлийн байгууллагын шаардлагыг хайхралгүй дураараа аашилсан “Хан талст” компани өнөөдөр ямар хариуцлага хүлээх вэ. Зоргоороо загнасан компанид шаардлага хүргүүлэхээс өөр зүйл хийж чадалгүй эрсдэлтэй нөхцөлд арга хэмжээ авалгүй энэ хүргэсэн Нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээх үү. Энд, тэнд ухсан нүх, барилгын суурь хундаам, хиймэл нуур бүхий том хэмжээний задгай газрыг 60 настай нэг манаачид даатгаад орхичихсон энэ нөхцөл байдалд дахин хүний амь эрдэхгүй байх баталгаа үгүй юм.

Компанийн хийхээр зорьж буй ажил сайхан сонсогдсон ч тэд ном, журмынх нь дагуу аюулгүй хийж чадсангүй, хариуцлагагүй, хэнэггүй байлаа. Үр дүнд нь дөрвөн хүүхэд эндэв.

-н.ГАНТӨМӨР: БИ ЗАВГҮЙ БАЙСАН УЧИР
ХҮҮХДҮҮДИЙГ АНЗААРААГҮЙ-

Бид БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш байрлах хэргийн газарт очиж “Хан талст” компанийн ажилтан, манаач н.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ. Өдөртөө талбайгаа хэдэн удаа шалгадаг вэ?

-Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 2014 онд эхлэх үеэс хойш ажиллаж байна. Том хэмжээний талбай учраас унадаг дугуйтайгаа өдөрт хэд, хэд тойрч шалгадаг. Ерөнхийдөө нэвтрэх хэсэгтээ анхаарч гаднаас хүн оруулахгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг юм.

-Хүүхдүүд орж ирэхийг та харсан уу. Осол болсныг хэзээ мэдсэн бэ?

-Энд хийгдэж байгаа ажил арав гаруй хоногийн өмнө зогссон учраас гаднаас машин оруулахгүй байх үүрэг хүлээсэн. Хэрэг гардаг өдөр энд шинээр дугуйн замын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор бохирын хоолой холбох ажил хийгдээд би орж гарж байгаа хөдөлгөөнд хяналт тавиад завгүй байлаа. Гэнэт түргэний машин ирээд хаалгаа нээгээрэй хүн усанд осолдлоо гэсэн дуудлагын дагуу явж байна гэхэд л мэдсэн. Тэр өдөр би талбай руу хүн нэвтрүүлээгүй. Тэр хүүхдүүд нэвтрэх хэсгээр орж ирээгүй.

-Хүүхдүүд хаанаас орж ирсэн байх магадлалтай бол. Ослын дуудлагыг хэн өгөв?

-Дугуйн замын ажил хийж байсан хэдэн ажилчид хүүхдүүд ирж байхыг харсан гэж цагдаад мэдүүлсэн байсан. Тэр хүмүүс дуудлага өгсөн байх. Миний сонссоноор хойд зүгээс орж ирсэн гэж цагдаа нар тогтоох шиг болсон. ҮЦХ урд хэсгээрээ хашаа хатгасан байдаг юм.

-Энэ тогтоол ус ямар учиртай вэ. Зориудаар үүсгэсэн хиймэл нуур юм уу?

-Энэ бүр анхнаасаа л байсан тогтоол ус. Гүний ус эсэхийг нь мэдэхгүй. Анх замагтаа баригдчихсан өмхийрсөн байхад нь нэмэлтээр ус сэлгээд хийхээр сэргээд нуур болчихсон. Тэгээд загас үржүүлээд олон загас жараахайтай нуур болсон.

-Хүүхдүүд энд хөөсөнцөр дээр хөвж тоглосон мэдээлэл байсан, энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Тэр хаанаас гарч ирсэн хөөсөнцөр юм мэдэхгүй. Цагдаа нар хэлэхдээ хөөсөнцөр дээр тоглож байгаад осолдсон байна гээд тэр хөөсөнцрийг нь аваад явсан.

-Ер нь энэ хэсгээр хүн явдаг уу. Энэ засмал замыг хэдэн жилийн өмнө тавьсан юм бол?

-Ойролцоогоор гурваас дөрвөн жилийн өмнө тавьсан. Заримдаа дугуйтай хүүхдүүд, нялх хүүхдээ салхилуулж алхах гээд хүмүүс ороход нь сануулга өгөөд нэвтрүүлдэг. Согтуу хөлчүү хүмүүсийг оруулж болохгүй гэдэг үүрэг өгсөн. Түүний дагуу би хүмүүсийг харж байгаад заримдаа хүмүүс оруулдаг.

-Нууранд хүрэх ганц зам нь энэ зам гэж ойлгож болох уу?

-Үгүй шүү дээ. Ингээд харвал задгай талбай байгаа. Цаана байрлах далангийн захаар ороод ирчихсэн байгаа юм.

Зураг: Тэр портерийн зүг байгаа газараас, хойноос нь ороод ирсэн байх гэв

-ХҮҮХДҮҮД КОРОНАВИРУСЭЭР БИШ Ч ХҮЧИРХИЙЛЭЛ,
ОСЛООР АМИА АЛДСААР БАЙНА-

Нэгэнт алдсан амийг хэнийг ч буруутгаад  эргээд олдохгүй. Харин цаашид хэдэн ч хүүхдийн амийг алдаж болзошгүй хотод бид аж төрж байна. Өнөөдөр бид төв талбайд усан оргилуур барих эсэх дээр мэтгэлцэж, хотын төвийн явган хүний замыг жил бүр сэргээн сольж байхад шороо тоос бужигнасан хотын захад уулын орой дээр амьдарч байгаа хүүхдүүд тааваараа тоглох хүрэлцээтэй газаргүй байна.  Тэнд байгаа ганц зүйл нь шороон дээр хэдэн жилийн өмнө хатгасан, хэзээ мөдгүй нурж унах сагсны шийд. Цар тахлаас сэргийлж бүх шатны боловсролын байгууллагаа хэдэн сараар хаачхаад, зурагт байдаг эсэх нь ч тодорхойгүй хэдэн мянган хүүхдүүдийг гэрт нь “хорьж”,  зурагтаар наадмаа хүлээн авч үзээрэй гэнэ.  

Энэ улсын ирээдүй хүүхдүүд баймаар. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж аюулгүй боллоо гэж үзмэгцээ сургуулиа нээж, боловсролын салбартаа анхаарал хандуулж байхад манай улс тэдний сурч боловсрох эрхийг зөрчсөөр л.  Хараа хяналт тавиагүй эцэг эхийн буруу байж болох ч цар тахлын үед хоолноосоо салчихгүй гэсэндээ иргэд хөдөлмөрлөсөөр явна. Тэд өсвөр насны хүүхдүүдээ нүд салгалгүй харж хандах боломжгүй зүйл.

Нөгөө талаас зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хайхрамжгүй хандсаны уршгаар амиа алдсан олон тохиолдлыг бид мэднэ. Энэ оны эхний гурван сарын байдлаар  Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 273 иргэн өртөж хохирсны 30 (11.0%) нь хүүхэд байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Дотроо халдвар тархаагүй ч өндөр зэрэглэлийн бэлэн байдалд уйдсан хүүхдүүд адал явдал хайж яваад эндчихлээ. Гэрээсээ гарсан ч, гэртээ байсан ч амь насанд нь заналхийлж байдаг нийгэмд бид үр хүүхдээ өсгөх гэж үү?