BNO ангиллын паспорттой Хонгконг хүмүүс Британиас иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

BNO ангиллын паспорттой Хонгконг хүмүүс Британиас иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Хонг Конгийн BN(O) буюу British National (Overseas) ангиллын паспорттой хүмүүс иргэний харьяалал хүсэх эрхтэй болохыг Британийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб паспорт эзэмшигчдэд одоо үйлчилдэг журмыг өөрчлөх боломжтой болсноо өчигдөр зарласан байна. Тэрээр “Хэрвээ Хятад улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, Хонг Конгийн статусыг өөрчилбөл бид BN(O) паспорт эзэмшигчдэд үйлчилдэг одоогийн зургаан сарын хязгаарыг цуцалж, 12 сар болгох ба цаашлаад иргэний харьяалал хүсэх эрхийг нь нээх болно. Одоо бид Хятад улсад олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд шинэ хууль батлах шийдвэрээсээ ухрахыг уриалж байна” гэсэн юм.

Ингэснээр Британийн засгийн газрын олон жил баримталсан бодлогод өөрчлөлт гарч байгаа юм.

Өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өөртөө засах онцгой эрхтэй Хонг Конг хотын аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг дэмжсэн юм. Хууль эцэслэн батлагдвал ирэх наймдугаар сараас хэрэгжих төлөвтэй байгаа.