Ялалтын баярын парадын бэлтгэл зургадугаар сарын 8-нд эхэлнэ

Ялалтын баярын парадын бэлтгэл зургадугаар сарын 8-нд эхэлнэ

ОХУ-ын Батлан хамгаалах яам Ялалтын баярын парадыг зохион байгуулах бэлтгэлийг эхлүүлсэн бөгөөд Москва мужийн Алабинад болох эхний сургуулилт 6 дугаар сарын 8-нд болох талаар ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа-генерал Олег Салюков мэдэгджээ.

Харин Москва хотын Улаан талбайд болох бэлтгэлийг 6 дугаар сарын 17-нд хийх аж. 

Тэрбээр “Улаан талбайд хийх бэлтгэлийг Москва хотын даргатай зөвшилцөж, 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хийхээр товлосон. 6 дугаар сарын 20-ны өдөр парадын ерөнхий бэлтгэл болно. ОХУ-ын 28 хотод цэргийн сүрт жагсаал болно. Түүнчлэн өөр хот, суурингуудад цэргүүдийг оролцуулсан баяр ёслолын арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна. Баярын арга хэмжээнд нийт 177 мянга гаруй хүн, 4.5 мянга гаруй зэвсэг, цэргийн техник нэгжийг оролцуулна” гэжээ.

Салюков цэргийн эмч нарын тавих хяналтын талаар

"Парадын бие бүрэлдэхүүний байгаа газруудад болон бэлтгэл сургуулилтын үйл явцад цэргийн эмч нар халдварт өвчинтэй тэмцэх бүхий л арга хэмжээг хатуу чанга хяналтан дор авч хэрэгжүүлнэ. Парадад оролцогчдыг хувийн хамгаалалтын хэрэгслээр хангаж, тогтмол эмчийн үзлэг хийж, үзлэгийн үр дүнгээс хамаарч жагсаалд оролцогчдын бэлтгэл хийх, цаашлаад парадад оролцох эсэх боломжийг олгоно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Москва төдийгүй цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдах бүх хотод цэргүүдийг байрлуулах газрыг бэлтгэх ажилд Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын анги нэгтгэлүүд оролцож, халдваргүйжүүлэлт хийх аж.