АНУ, Хятад оюутнуудын визийг цуцалж магадгүй

АНУ, Хятад оюутнуудын визийг цуцалж магадгүй

БХНАУ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, Хонг Конгийн статусыг өөрчлөх талаар асуудлаас болж АНУ-тай үл ойлголцолтой байгаа билээ.

Тодруулбал, Бээжин Хонгконгод шинэ хууль хэрэгжүүлэх нь Хонгконгийн эрх чөлөөг боож, олон улсын эдийн засгийн төв байхыг нь болиулна хэмээн өрнийн орнууд эмээж байгаа юм.

Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон мянган төгсөгч оюутнуудын визийг нь цуцлахаар төлөвлөж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Дээрх төлөвлөгөөг энэ долоо хоногтоо багтаан зарлаж магадгүй бөгөөд нийт 3000-5000 хятад оюутанд хамаарч болзошгүй гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх шийдвэр батлагдвал АНУ-д байгаа хятад оюутнуудын виз цуцлагдаж, нутаг буцах бол АНУ-аас гадна буй хятад оюутнууд АНУ-д очих эрхгүй болох юм.

АНУ-ын их сургууль, коллежуудад суралцаж байгаа зарим хятад иргэд тагнуулын хэрэгт сэжиглэгдсэнээс болж АНУ дахь тагнуул, оюуны өмчийн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа гэв.

Энэ шийдвэрийг хятад оюутнуудын сургалтын төлбөрөөс их ашиг олдог байгууллагууд эсэргүүцэж магадгүй байна.

АНУ-д жил бүр ойролцоогоор 360 мянган хятад оюутан шинээр ирдэг нь 14 тэрбум орчим ам. долларын орлого оруулдаг гэнэ. Гэхдээ энэ шийдвэр нь цар тахал, худалдааны дайнаас болоод хүнд байдалд байгаа дэлхийн хамгийн том хоёр улсын эдийн засгийн харилцааг улам муутгах аюултай аж.