Дахин их хэмжээний сум, галт хэрэгсэл олжээ

Дахин их хэмжээний сум, галт хэрэгсэл олжээ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байлдааны их хэмжээний сум, галт хэрэгсэл, онгоцны бөмбөг зэрэг байгааг тус сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлах ахлагч Б.Соронзонбат олж, холбогдох байгууллагад мэдэгдсэн талаар бид энэ сарын 5-ны дугаартаа мэдээлсэн. Үүний дагуу ЗХЖШ-аас томилогдсон тусгай бүлгийнхэн тав хоног ажиллаж, байлдааны онгоцны “АО-150”, “ПОАБ-100ПС”, “ФАБ-250”, “ОФАБ-250”, “ПТАБ-250” загварын бөмбөгнүүд болон бусад сум, галт хэрэгсэл 300 гаруйг олж устган, аюулгүй болгосон юм. Тус сумын Улаан ухаа багийн нутагт 1990-ээд оноос өмнө ЗХУ-ын цэргийн нисэх анги байрлаж байсан бөгөөд тэндээс үлдсэн галт хэрэгсэл байсныг эх сурвалжууд баталж буй.

Тэгвэл Дорнод аймгийн нутгаас мөн их хэмжээний сум, галт хэрэгсэл олжээ. Тус аймгийн төв Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлсэн аж. Зүүн хязгаарт байрлаж байсан Оросын цэргийн анги, нэгтгэлүүдийн сургуулилалтын талбай, суурин газруудын орчимд сум, тэсэрч дэлбэрэх бодис хайж, устгах тухай Дорнод аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үүрэг гүйцэтгэсэн ажлын хэсгийнхэн дээрх хэмжээний сум, галт хэрэгсэл олсон аж. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Т-72” загварын танкийн 125 мм-ийн их бууны, 122 мм-ийн гаубиц “Д-30” маркийн, 30 мм-ийн автопушкагийн сум тус бүр нэг, 120 мм-ийн миномётын сум долоо, тэсрээгүй, цэнэгт хошуу хоёр, 12.7 мм-ийн пулемётын сум, гар бөмбөгийн тэсрээгүй хошуу, байлдааны онгоцын С5 удирдлагагүй пуужингийн цэнэг тав ширхэг гэх зэргийг илрүүлсэн юм байна.