Твиттер Трамптай "дайн" зарлав уу

Твиттер Трамптай "дайн" зарлав уу

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсандаа бичсэн мэдэгдлийг Твиттер платформ “хүчирхийллийг сурталчилсан” агуулгатай гэж дүгнээд харагдахгүй болгосон байна.

Гэхдээ Трампын мэдэгдлийг устгаагүй бөгөөд оронд нь Твиттер компаниас гаргасан анхааруулгаар сольж, хүссэн хүн товчин дээр дараад унших боломжтойгоор нууцалжээ.

Өнөөдөр нууцалсан мэдэгдэлд Трамп эмх замбараагүй байдал үүсээд байгаа Миннеаполис хот руу цэргийн хүч илгээх тухай бичсэн байв.

Твиттер компани нийтлэлийн бодлогыг нь зөрчсөн агуулгыг 2019 оны дундаас эхлэн ингэж харагдуулахгүй болгодог болсон юм. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг анх удаа хэрэглэсэн нь энэ ажээ.

Ердөө хэдхэн цагийн өмнө Дональд Трамп сошиал медиа компаниудын агуулгад тавих хяналтыг чангатгах захирамж гаргаад байсан. Өнгөрсөн мягмар гарагт Твиттер Дональд Трампын бичсэн бас нэг мэдэгдэлд “худал мэдээлэл” гэсэн сануулга оруулж, үнэн зөв мэдээллийг өөр найдвартай эх сурвалжаас нягталж шалгахыг уншигчдад зөвлөж байсан юм.

Үүний дараа бухимдсан Трамп тус компанийг хаалгана гэж сүрдүүлж байжээ.

Ийнхүү сошиал медиа компани болон Трампын хооронд үүссэн зөрчил улам гүнзгийрч байна.