“Өндөр зээлийн хүүгээр иргэдийг шулан мөлжиж байгаа банк, ББСБ-уудыг шүүхэд өгнө”

“Өндөр зээлийн хүүгээр иргэдийг шулан мөлжиж байгаа банк, ББСБ-уудыг шүүхэд өгнө”

Өнөөдөр /2019.06.19/ Үндэсний мэдээллийн төвд “Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээллээ.

Энэ үеэр "Зээлдэгчдийн холбоо"-ны тэргүүн Ц.Солонго  хэлэхдээ, “Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж байдаг. Гэтэл 30 жил өнгөрчихөөд байхад тэр энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Одоо бид зээлтэй иргэд өөрсдөө нэгдэх гэж байна. Учир нь арилжааны банк бол хувийн компаниуд юм. Хувийн компанитай хувь иргэд өөрсдөө тэмцэж, учраа олох ёстой юм байна гэдгийг 30 жилийн туршлагаас харлаа. Энэ хувийн компаниудын мөлжлөгийг УИХ, ЗГ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо аль нь ч дийлэхгүй байна гэдгийг амьдрал дээр харж байна. Сүүлий нэг хоёр жил ганц нэг хүн дугарсны үндсэн дээр 0.1 гэх мэт маш бага буусан ч энэ дорвитой ажил биш.

Өнөөдрийн байдлаар:

-Арилжааны банкны жилийн дундаж хүү 25 хувь

-Банк бус санхүүгийн байгууллагын жилийн дундаж хүү 38.4 хувь

-Хадгаламж зээлийн хоршооны хүү жилийн 34.8 хувь

-Ломбард 42 хувь

-Өдрийн зээл өдрийн 10 хувь байгаа аж.

Иймд “Зээлдэгчдийн холбоо”-ноос, “Энэ бол хэмжээ хязгааргүй мөлжлөг гэж бидний зүгээс үзэж байна. Арилжааны банкнаас зээл авсан 740 гаруй мянган зээлдэгч бий. ББСБ-аас 234 мянган хүн бий. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах вэ” гэлээ.

Мөн зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж дангаараа зээлдүүлэгчтэй тэмцэх боломжгүй. Харин олуулаа нэгдвэл тэмцэж чадна. Зээлтэй иргэд та бүхэн 85458615 дугаар руу ярьж нэгдээрэй. Дэлхийд байхгүй өндөр хүүнээс гадна, элдэв хураамж, шимтгэлээр иргэдээ хувалз мэт шулан мөлжигчдийн эсрэг хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ гэсэн юм.