Коронавирусийн халдвар авсан Тувагийн ерөнхийлөгч эдгэжээ

2020-06-04 16:00

Коронавирусийн халдвар авсан Тувагийн ерөнхийлөгч эдгэжээ

Коронавирусийн халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж байсан ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол үүрэгт ажилдаа оржээ.

Энэ тухай Тувагийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Долаана Салчак "Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол эмнэлгээс гарсан. Түүнээс авсан давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэрбээр өнөөдөр орлогч дарга нартай зөвлөгөөн хийж байна" гэж мэдэгджээ. 

Коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Кара-оол 5 дугаар сарын 25-нд мэдэгдэж, Кызыл хотын халдвартын эмнэлэгт хэвтээд байсан юм. 

Өнгөрсөн лхагва гаргийн байдлаар Тувад коронавирусийн халдварын нийт 1297 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2 хүн нас баржээ. Харин халдвар авсан 360 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна. 

2020-05-25 14:56

Тува улсын тэргүүн коронавирусийн халдвар авснаа зарлалаа

ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол коронавирусийy халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж буйгаа "ВКонтакте" сүлжээн дэх хуудсаараа дамжуулан дүрс бичлэгээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Тувагийн тэргүүний хэлснээр, түүнээс гадна өөр хэд хэдэн албан тушаалтан эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. “Бид өвчилж магадгүй гэдгийг мэдэж байсан хэдий ч хэн нэг нь ажиллах ёстой, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эмнэлэгт одоо надаас гадна, Тагны, Үлэгхэм хошууны дарга нар, манай ажилтнууд эмчлүүлж байна. Халдвар маш аймшигтай, эрүүл мэндэд олон талаар нөлөөлдөг,  толгой маш их өвдөж байгаа бол заримынх нь уушги үрэвссэн. Зарим нь хөнгөн хэлбэрээр өвчилж, зарим нь эрчим эмчилгээний тасагт хэвтэж байна. Гэхдээ эмч нар мундаг байна, бид энд сайн байгаа, эмч нар хичээж байна. Бид энэ сорилтыг даван гарна, бүх зүйл сайхан болно " гэжээ.

Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Долаана Салчакийн мэдээлснээр, тэрбээр эмч нарын хяналтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Тувагийн тэргүүний үүргийг тус улсын тэргүүн шадар сайд Александр Брокерт түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Чеченийн тэргүүн Рамзан Кадырав мөн эмнэлэгт хүргэгдсэн тухай РИА Новости агентлагийн эх сурвалж урьд нь мэдээлсэн юм. Кадырав коронавирусний халдвар авсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан боловч тус улсын шуурхай штабын дарга Магомед Даудов энэ мэдээллийг няцаасан байна. 

Даваа гаргийн өглөөний байдлаар, Тувад коронавирусний халдварын 706 тохиолдол бүртгэгдэж, 83 хүн эдгэрсэн бол нэг эмэгтэй нас баржээ.




П.Бүрэнтөгс шинэ улсын аварга боллоо

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ