ТОДРУУЛГА: Даралт харвасан 76 настай ээжийн минь эх орондоо очих ганц найдвар нь шууд нислэг

ТОДРУУЛГА: Даралт харвасан 76 настай ээжийн минь эх орондоо очих ганц найдвар нь шууд нислэг

Тайланд улсаас ирэх хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн өчигдөр ОБЕГ-ын үүдэнд жагсаал хийж, энэ сарын 25, 28-ны аль нэг тусгай үүргийн нислэгийг Бангкокоос үйлдэх хүсэлт, шаардлагыг тус байгууллагад хүргүүлсэн.

Одоогийн байдлаар 150 орчим Монгол иргэн Тайландаас ирэх хүсэлт гаргаад байгаа бөгөөд тэдний нөхцөл байдал, санхүү хүнд байгааг тэдний ар гэрийнхэн хэлж байлаа. Бид тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй биеийн байдал нь хүндэвтэр 76 настай иргэний асран хамгаалагч Г.Уянгатай  холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цахим орчинд тавигдсан мэдээллийг тань харсан. Ээж тань Тайландад хэзээ очсон юм бэ?

-Би Тайландад ажиллаж, амьдраад таван жил болж байна. Эндээ суурин амьдардаг учир Монгол явах боломж тэр бүр гардаггүй. Тэгээд ээжийгээ авчирч уулзсан юм. Ээж минь өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд энд ирсэн. Тухайн үед цаг агаар сэрүүн сайхан байсан ч хугацаа өнгөрөх тусам улам халуун болж ээжийн минь даралт ихэссэн. Ингээд дөрөвдүгээр сарын сүүлээр цус харваж одоогоор бүрэн асаргаанд орчихсон байна.

-Одоогоор биеийн байдал нь ямар байна вэ. Эмнэлэгт байгаа юу?

-Сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтээд гарсан. Бие нь тэнхрээгүй байхад өөрсдөө гэрээрээ асар гээд гаргачихдаг юм байна. Одоо биеийн байдал нь хүнд байгаа. Ярьж чадахгүй, өөрөө хоолоо идэж чадахгүй хэвтрийн байдалтай л байна. Хэвтрийн хүний асаргаа чинь их нарийн байдаг юм байна. Асрагч авах гэхээр гадаад хүмүүс хэл ойлголцохгүй гээд олдохгүй юм. Би өөрөө сар гаран хугацаанд ээжийгээ асраад ажлаа хийж чадаагүй учраас одоо ажилдаа орохгүй бол санхүүгийн хүндрэлд ороход ойртоод байгаа. Ганцаараа болохоор юу ч хийж амжихгүй юм. Өр зээлээ төлөхөөс гадна эм тарианы мөнгө, эмчилгээний зардал өндөр учраас  түүнийгээ төлөхийн тулд ажиллах ёстой. Үнэхээр хүнд байдалд орчихлоо.

-Монгол руу буцах хүсэлтээ гаргасан уу?

-Бид дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн гурван удаа Элчин сайдын яаманд хүсэлтээ гаргасан. Ээж маань харвахаасаа өмнө хилээ нээхийг хүлээж өдөр бүр асууж байсан.

-Тайландад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа гэсэн. Ямар асуудалтай хүмүүс байна вэ?

-Хүмүүс Азийн орон гэхээр амьдрахад хямд төсөр гэж ойлгодог. Энэ бол худлаа. Би Америкт олон жил амьдарч байгаад нүүж ирээд одоо харьцуулахад энд илүү өртөг өндөртэй байна. Тэгэхээр эндээс явах хүсэлтэй, түр хугацаанд ирсэн хүмүүс бол орлогогүй санхүүгийн хувьд маш их бэрхшээлтэй байгаа. Үүнээс үүдэж орон байргүй болох асуудал ч гарч байна. Гудманд гарах нь цаг хугацааны л асуудал болчихоод байгаа. Одоогоор тийм хүн байгаа эсэх талаар мэдээлэл алга.

-Бусад нислэг товлогдсон орнууд руу явах боломж байхгүй юм уу?

-Хэвтрийн дэглэмтэй хүнийг нислэгт хамруулахад өндөр шаардлагатай байдаг юм билээ. Тиймээс цорын ганц найдвар МИАТ л болчхоод байна. Нутагтаа очих ганц боломж нь Бангкок шууд нислэг хийх.

-Ээж нь Монголд ирээд ямар нэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юу?

-Хамгийн гол нь асаргаа хэрэгтэй байгаа юм. Одоогоор маш олон төрлийн эм ууж байгаа. Ганц хүсэж байгаа зүйл нь дахиад битгий муудаасай л гэж хүсэж байна. Эндхийн эмнэлэг гэрээр ирж үздэггүй болохоор эмнэлэг явах бүртээ түргэний зориулалтын машин түрээсэлж үзүүлдэг. Монголд бол арай ч хэвтрийн хүнийг ингэж зөөгөөд байдаггүй байх аа. Дахиад бие нь муудвал би энд ганцаараа яахаа ч мэдэхгүй байна.

-Тайландад коронавирусийн тархалт ямар байгаа вэ?

-Энд бол ерөнхийдөө дэгдэлт нь яваад дуусчихсан. Нэмж шинээр тохиолдол бүртгэгдэхгүй байгаа. Тийм учраас энд байгаа 150 орчим иргэн болон өндөр настай ээжийг минь эх оронд нь буцаагаач гэж хүсэж байна.