Ц.Цэрэнпунцаг тусгаарлах хугацаагаа дуусгалгүй иргэдтэй уулзаж эхэлсэн үү

Ц.Цэрэнпунцаг тусгаарлах хугацаагаа дуусгалгүй иргэдтэй уулзаж эхэлсэн үү

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж авч ирж байгаа юм. Иймд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим хүмүүс гадаадад гацсан, эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тухайлбал, Л.Гүндалай, Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн О.Содбилэг нарыг эх орондоо ирэх боломжгүй байгаа тул УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй нь гэж хэвлэлүүд онцолж байв. 

Тэгвэл энэ оны Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нийт 278 иргэн эх орондоо ирсний дотор Завхан аймагт МАН-аас нэр дэвших Ц.Цэрэнпунцаг ирсэн гэх мэдээлэл бий. Иймд тэрээр Улсын Онцгой комиссоос гаргасан журмын дагуу 21 хоног эмнэлэгт болон зочид буудалд тусгаарлагдаж, 14 хоног гэрээр тусгаарлагдаад, энэ сарын 06 ны өдөр буюу ӨНӨӨДӨР тусгаарлалтаас бүрэн гарах ёстой байв.

Гэтэл өнөөдөр /2020.06.06/ тусгаарлалтаас гарч иргэдтэй уулзах боломж нь нээгдэх ёстой байсан нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан байж болзошгүй байна. Учир нь түүний индер дээр зогсоод “Надад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага байна” гэж мэдэгдсэн бичлэг олон нийтэд өчигдөр /2020.06.05/-өөс хүрч эхлээд байна.