Нью-Йорк хотын дарга хөл хорионы цагийг цуцлав

Нью-Йорк хотын дарга хөл хорионы цагийг цуцлав

Нью-Йорк хотын дарга Билл де Блазио АНУ-ын хамгийн том хотод мөрдөж байсан хөл хорионы цагийн дэглэмийг цаашид сунгахгүй гэж мэдэгдлээ. Де Блазио энэ тухайгаа өөрийн твиттер хуудсандаа зарлажээ.

"Бид хөл хорионы цагийг цуцаллаа. ​​Энэ шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Өчигдөр болон өнгөрсөн шөнө манай хотын иргэд сайн талаа харууллаа" гэж хотын дарга бичжээ.

Үүний зэрэгцээ тэрээр даваа гаригаас эхлэн цар тахлын улмаас Нью-Йорк хотод тогтоогоод байсан халдвар хамгааллын зарим дэглэмийг сулруулахаа санууллаа.

CNN-ийн мэдээлснээр өнгөрсөн шөнө болсон жагсаалын үеэр Нью-Йоркт 10 гаруй хүн баривчлагдсан байна. Өмнө нь бямба гарагийн шөнө 40 хүн, зургаадугаар сарын 5-нд шилжих шөнө 270 хүн,  харин 6-р сарын 1-ний шөнө 700 хүн саатуулагдсан юм.

 Миннеаполис хотын иргэн Жорж Флойдын амь насыг цагдаа нар хөнөөснийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ даяар давалгаалж, улмаар зарим мужид эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Эрх баригчид Америкийн 40 орчим хотод хөл хорионы цаг тогтоосноос Лос Анжелес хот болон Калифорни мужийн томоохон хотууд, түүнчлэн Миннеаполис, Даллас , Денвер , Сент-Пол, Вашингтонд дэглэм цуцлагдаад байна. Одоогоор Буффало, Чикаго , Майами , Филадельфиа зэрэг газарт хөл хорионы цаг хүчин төгөлдөр хэвээр байна.