Д.Мөнхсайхан: УИД-ийн барилгыг шинэчлэхдээ хөөсөөр дулаалсан нь галыг хурдан тархахад нөлөөлсөн

Д.Мөнхсайхан: УИД-ийн барилгыг шинэчлэхдээ хөөсөөр дулаалсан нь галыг хурдан тархахад нөлөөлсөн

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт өчигдөр 16:48 цагт гал гарсан. Галын улмаас Улсын Их дэлгүүрийн тав, зургаа, долоон давхар галд өртсөн юм. Галыг Нийслэлийн Гал унтраах, аврах найман ангийн болон цагдаагийн нийт 230 алба хаагч таван цаг ажилласаны эцэст 21:30 цагт бүрэн унтраасан юм.

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. 

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Галын тархалтыг 17:30 цагт зогсоож, 21:30 цагт галыг бүрэн унтрааснаар хүлээлгэн өгсөн. Нэмэлт хүн хүч төвлөрүүлэхэд бэлтгэл ээлж, амарч байгаа алба хаагчдаа дуудаж ажиллуулсан. Улсын их дэлгүүрийн барилгад гарсан галыг унтраахад 27 техник хэрэгсэл ажиллалаа. Утаанд боогдсон долоон хүнийг амь насыг авран хамгаалсан. Мөн УИХ-ын барилгын ажлын хийцтэй холбоотой шаардлагыг хүргүүлж байсан УИД-ийн барилгыг шинэчлэхдээ хуучин барилга дээр өргөтгөл хийж, хөөсөөр дулаалсан байсан тул хурдан хугацаанд гал тархсан. Жил бүрийн хавар болон намар хоёр удаа шалгалт явуулж, холбогдох шаардлагыг хүргүүлдэг. Ганцхан Улсын их дэлгүүр гэлтгүй ихэнх барилга цахилгааны аюулгүй байдлын, орц гарц, оролтын зам, барилгын үндсэн хийцтэй холбоотой зөрчил ихэвчлэн гардаг. Ингээд албан шаардлага хүргүүлдэг, 70 хувьтай биелэгддэг" гэлээ. 

Галын шалтгаан тогтоогдоогүй ба нийслэлийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж байгаа юм. Галын шалтгааныг тогтооход хамгийн багадаа 14 хоног шаардагдах аж.