Монгол орноо тойрон 50 мянган км жолоо барин аялсан М.Жавзансүрэнтэй ярилцлаа

Монгол орноо тойрон 50 мянган км жолоо барин аялсан М.Жавзансүрэнтэй ярилцлаа

Түүхийн багш мэргэжилтэй эгэл жирийн нэгэн эмэгтэй Монгол орноо тойроод 50 мянган км замаар хэрхэн аялсан тухай сонирхолтой зочны ярилцлагыг энэ удаагийн “Move on” булангаараа бид онцлон хүргэж байна. Тэрбээр одооогоос 21 жилийн өмнө буюу 1998 онд МУИС-ийг төгсөөд Завханы Цагаанхайрхан суманд түүхийн багшаар ажил амьдралын гараагаа эхэлж байжээ. Өдгөө их хотод ШУТИС-ийн багшаар ажиллахдаа Монгол залууст ирээдүй хойч үедээ өнгөрсөн хийгээд өнөө цагийн түүхийг бага ч атугай таниулахыг хичээж явдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. “Эх түүхийн жимээр” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, жолооч, найруулагч, түүхийн ухааны доктор М.Жавзансүрэнтэй ярилцлаа.

-ГАНЦ КАМЕРАА ҮҮРЭЭД МАШИНАА ЖОЛООДООД ЯВАХАД БЕНЗИНИЙ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЗҮЙЛ ШААРДААД БАЙДАГГҮЙ-

-Сулинхээрийн отрядыг зорьж явах үеэр унаа тань эвдрэхэд хилийн цэргүүд тусалсан тухай эерэг сайхан мэдээг та цахим орчинд нийтэлсэн нь олон хүний хайр, хүндлэлийг төрүүлсэн. Мөн та өөрөө жолоогоо бариад 50 мянган км за туулсан тухайгаа бичсэн байдаг. Энэ тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?  

-Чөлөөлөх дайнд давшиж байсан домогт Сулинхээрийн отрядад нэвтрүүлэг хийхээр зорьж явахдаа төөрөөд осолд орсон юм. Байнга утасаар асууж байсан Сулинхээрийн отрядын хилчид намайг олж, ангидаа аваачсан юм. Тийнхүү  домогт отрядад нэвтрүүлэг хийгээд зогсох гайхалтай агшин тохиосон нь тэр. Олон мянган бээрийг туулаад очиход хамгийн сайхнаар угтаж авсан хүмүүс хилчид байсан. Хилээр би 10 мянган км явж байна. Тэнд хоёр хоногийн турш нэвтрүүлгээ хийчихээд өглөө явах гэтэл миний машиныг ямар ч асуудалгүй болгоод гарахад бэлдчихсэн түлхүүрийг минь гардуулсан. Таны машин хот хүртэл ямар ч асуудалгүй гэж хэлж байсан шүү. /инээв.сурв/ Үнэхээр ч хот хүртэл саадгүй явсан даа. Хилчид гэдэг ямар гайхалтай сайхан хүмүүс вэ гэдгийг цөөхөн хэдэн үгэнд багтааж, цахим орчинд нийтэлсэн минь олон хүнд хүрсэн. Олон ч хүн бахархаж байсан.

Намайг жолоогоо өөрөө барьж явдаг гэхээр “Эмэгтэй хүн жолоо барих нь онцгүй биш үү” гэж зарим нь асуудаг л юм. Өөрт минь бахархалтай байдаг. Эмэгтэй хүн 50 мянган км замыг жолоо барьж туулахдаа тааралдсан хүмүүстэйгээ учраа олж,хувцасаа солиод дээлээ өмсөөд,  нэвтрүүлгээ өөрөө хөтөлж, найруулж, продюссерлэж явна гэдэг маш их зүтгэл шаардах зүйл. Энэ бүхний ард, хүний амьдралын олон зүйл золиослогддог.  Би гурван хүүхэдтэй. Хамгийн том хүү минь домогт Халхын голд сайн дураараа цэргийн алба хааж байна. Дундах нь Завханд эмээдээ хань болдог юм, бага нь Архангайд бий. Хамгийн бага охиноо хоёр ойтой байхад нь орхиод гарч байлаа. Миний ар талыг ээж болон ах, дүү нар минь зохицуулаад үлддэг. Эхлээд бүгд дургүйцэж байсан. Ажилдаа унадаг, шинэхэн авсан машинаа бариад, хүүхдийнхээ хадгаламжийг эхний жил дуусгаад, намар буухдаа машинаа юу ч үгүй эвдлээд ирэхэд, хэнд хэрэгтэй, ямар хэрэгтэй, хэнд өртэй гэж ингэж явааг минь буруушаадаг байсан ч одоо бол энэ хүн нэгэнт “өнгөрсөн” хүн гээд хүлээн зөвшөөрсөн. Тэр бүү хэл бензиний мөнгө ч олж өгдөг болсон.

 Би үүнийг хийхгүй байсан ч өөр хэн нэгэн эсвэл аль нэг телевиз хийх л байсан байх. Гэхдээ ийм зүйл хийхэд асар их хөрөнгө мөнгө хүн, хүч шаардагдана. Гэвч би ганц камераа үүрээд зураглаач Б.Эрдэнэбилгүүнээ дагуулаад, машинаа жолоодоод явахад бензиний мөнгөнөөс илүү олон зүйл шаардагдаад байдаггүй юм. Өөрөөр хэлбэл машин үнэгүй явж байна. Жолооч үнэгүй явж  байгаа учир. Ямар ч юманд сэтгэл байхад л бүх зүйл аяндаа болдог гэсэн зарчим надад бий. 

-Таны хувьдЭх түүхийн жимээрнэвтрүүлэг бэлдэн хүргэж байгаа билээ. Ямар зорилготойгоор хэзээ эхлүүлж байв. Энэхүү төслөө хэзээ хүртэл үргэлжлүүлэх вэ?

-Төсөл гэдэг нь их мөнгөтэй, том машинтай, олон хүний баг бүрэлдэхүүнтэй явахыг хэлдэг байх. Бас ашиг олдог хүмүүс төсөл бичиж явдаг байх. Тэгэхээр миний хийгээд байгаа зүйл тэр шалгуураараа төсөлд арай нийцэхгүй гэж хувьдаа боддог. Анх 2017 оны хавар Монголын археологчидоор тойрч яагаад болохгүй гэж гэдэг санаа төрсөн. Тухайн үед би “Honda civic” гэдэг  машинаараа “Зохиомж” дээд сургууль дөнгөж төгссөн охиныг дагуулаад өөрөө жолооч, найруулагч, хөтлөгчөө хийгээд гарч байсан. Бүсгүй хүн 3000 км яваад замын ая даахгүй байсан учир, тэр зураглаач охиныг солиод  одоогийн хамтрагч зураглаач СУИС-ийн КУДС-ийн оюутан Б. Эрдэнэбилгүүн гэдэг хүүг олж авсан юм. 16,800 км зам туулан Монголын бүх археологчдоор тойрч байлаа. Хүмүүсийн дийлэнх нь археологич, геологчдийг алт ухагчид, тоногчид гэж ойлгодог.

Энэ бодлыг өөрчлөхийг хүссэн. Учир нь манай тэнхмийн багш нарын тал хувь нь археологийн багш нар байдаг учир тэдний жаргал зовлонг би мэдэхийн дээдээр мэдэх юм. Мөн археологчдийн сүүлийн үеийн томоохон нээлтүүдийг хүмүүс  төдийлөн анзаардаггүй, ямар ч ойлголтгүй үлддэг. Археологчид хурал цуглаанаар л тайлангаа  хоорондоо яриад өнгөрөх жишээтэй. Иймд түүхийн мэргэжилтэй, багш хүний хувьд археологич мэргэжлийн онцлогийг  бусдад мэдүүлье, гэдэг зорилготойгоор гарч байлаа. Бид 800 мянган жилийн өмнө хүн үүссэн гэж оюутнууддаа зааж байгаа боловч үнэндээ сая жилийн өмнө хүн үүссэн гэдгийг археологчид тогтоочихоод байна шүү дээ. Археологич гэж хэн бэ, тэд ямар гайхалтай нээлтүүдийг хийгээд байгаа вэ  гэдэг тухай  танин мэдэхүйн нэвтрүүлэг хийсэн.

Тухайн үед буюу 2017 онд дэлхийд томоохонд тооцогдох нээлтүүд хийгдсэнтэй яг давхцаж таарсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум  Цөх голын сав дагуу газар сая жилийн өмнө хүн үүссэн, Увс аймгийн Сагил суманд 45 жилийн дараа төмөрийн үеийн томоохон олдворууд олдсон, Сүхбаатар аймгийн Донгойн ширээнд дэлхийд анх удаа Түргийн хаант улсын 13 хөшөө олдсон гэх мэт гайхалтай шинэ нээлтүүд хийгдсэнийг ард түмэнд мэдэх ёстой. Товчхондоо бол археологчид бол алт ухагчид биш гэдгийг ойлгуулахыг зорьсон доо.

-Эмэгтэй хүн ганцаараа жолоо бариад 50 мянган км замыг туулна гэдэг баргийн хүнээс гарахгүй зориг байх.  Хэцүү зүйл бишгүй л тохиолдож байв уу?

-Тэгэлгүй яахав. Ухаан алдаж унах үе ч гарч байлаа. Эмэгтэй хүн тасралтгүй машин барьж явна гэдэг хүндхэн ажил. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийхдээ хэзээ ч цуцаж зогсдоггүй шүү дээ. Сэлэнгийн Хүдэр, Цөх гол, монгол, оросын хилийн зааг дээр наймдугаар сарын 20-нд 16,800 дахь км дээрээ ирээд зогсож байсан тэр мөчид түүхч, түүхийн багш болсныхоо аз жаргалыг мэдэрч байлаа. Тэр л үед нулимс гарч байсан. Өнгөрсөн жил 34 мянган км зам туулсан. Нийлээд 50 гаруй мянган км туулчихсан байна.

Энэ замд олон ч аймаг сумдаар орж үзлээ. Зовлон жаргалын аль аль нь тохиолдсон. Заримдаа эмэгтэй хүнийхээ хувьд хүчгүйдэх зүйл ч байсан. Их сургуулиа дөнгөж төгсөх гэж байгаа  зураглаач маань хоёр жил намайг дагаж явж, загнуулсаар, одоо дажгүй дөртэй болоод байгаа шүү. Надад 7D аппрат, хөл, zuum нээс өөр хөрөнгө байхгүй. Тэр аппаратыг минь дүү минь зээлээр авч өгсөн. Үүгээрээ  ард түмэндээ танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж, түүхийг үнэн зөвөөр ойлгуулах гэж яваа жирийн нэгэн  эмэгтэй.

-ОЛОН МЯНГАН КМ ЗАМ ТУУЛАХАД УЙЛАХ ГОМДОХ, БАЯРЛАХ ИНЭЭХ ЗҮЙЛ БИШГҮЙ Л ОЛОН ТОХИОЛДСОН-

-Та эмэгтэй хүний ард ялангуяа хувийн амьдралд нь олон зүйл золиослогддог гэж ярилаа. Ямар золиос гаргаж байв?

-Хамгийн том золиос гэвэл гэр бүл байх. Учир нь би хүүхдүүдийнхаа барааг ховорхон хардаг. Уулзаж амждаггүй. Их санадаг. Гэхдээ хааяа нэг цуглахдаа хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Миний гурван үр ээжийгээ санахгүй, санасан ч тэвчинэ гэдэг тангарагтай. Явж, явж ирээд бензиний мөнгөний өрөнд орно, 10 хувийн хүүтэй мөнгө найзуудаараа олуулна, тэрийгээ төлнө, хүүхдүүд минь өлөн зэлмүүн үлдэж байсан ч тохиолдол бий. Том хүү минь хоол цайг минь хийж өгнө, юмаа угаана, гэрээ цэвэрлэнэ, намайг шөнө хэдэн цагт орсон ч халуун хоолтой ээжийгээ угтдаг. Заримдаа гэртээ ороход хүү минь “Тог тасалчихаж гээд хоолоо газан плетканд хийгээд идчихье. Зүгээр дээ ээж минь” гээд цуйван хийгээд сууж байх үе ч байсан. Археологчдийн тухай нэвтрүүлгээ хийгээд явж байхдаа бензиний өрнөөс ер гараагүй юм. Байнга тогоо таслуулдаг байлаа. /инээв.сурв/

Гэхдээ хүү минь ээжийнхээ хүсэл, зорилгыг ойлгож дэмжсэн. Талхгүй хоносон ч энэ бүхнийг надтай хамт чимээгүй даван туулдаг. Надтай хамт нэг жилийн хугацаанд тойрон аялсан байдаг. Тэгээд намайг Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан ганцхан удаа хил рүү яваад ирье гэж давхисан араар сайн дураараа домогт Халхын гол руу явчихсан байсан. Явахдаа миний ээж эх орныхоо төлөө зүтгэж байхад би ч эх орныхоо төлөө зүтгэе гэж бодсон юм хэмээн зарлангаа өөрөө очиж аваад явсан байсан.

Тэр үед би хил рүү явж нэвтрүүлэг хийнэ гэж нээг их төлөвлөж байгаагүй, харин хүү минь ээжийгээ уруу татсанаар би одоо монгол улсынхаа хил рүү л явж байх юмсан хэмээн, дөрвөн зүг найман зовхист торгон хил рүүгээ яардаг болсон.  Мөн ээж эгч дүү минь үргэлж миний ард талд бат зогсдогт баярладаг. Тэдэн рүүгээ бензиний мөнгөгүй болчихлоо гээд уйлаад залгах үе олон ч тохиосон доо. /инээв.сурв/

-Зовж туулсан зам бүрийн ард гарсны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Завхан аймгийн зам хамгийн хэцүү, зовж туулсан зам байсан. Мөнгө муутай явсан үе ч таарсан. Тэр үед ээж минь тэтгэврээ зээлээд өгч байлаа. Ээж, эгч, дүү минь миний ард зогсдог учраас миний хийгээд байгаа бүхэн ямар нэгэн төсөл биш. Харин зарим үед УИХ-ын гишүүд туслах үе тохиодог. Энэ дотроос номер нэг хамтрагч бол  УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа эгч юм. Би сайд байхад нь уулзах зөвшөөрөл аваад,  Ховд аймаг явах гэсэн юм хэмээн  зорилгоо хэлээд ороход “Би багш хүнийг дэмжих ёстой” гэж хэлээд мөнгө өгч байсан  Хамгийн гол нь Цогзолмаа гишүүн хүн чанартай гайхалтай эмэгтэй. Үргэлж асууж, сураглаж, хаана явна хэмээн санаа зовж байснаас гадна, энэ өвлийн бүхий л нэвтрүүлэгт мөнгө өгсөн.  Надад үнэнч  гэхээсээ илүү эх түүхэндээ эх орондоо үнэнч байгаад нь би баярладаг.

Би ийм л зүйл хийх ёстой, хийхийг хүсч байна. Гэхдээ би үүнийг хийлээ гээд хэн нэгэнд ялархаагүй. Түүхийн багшаар ажиллаад нэг сая төгрөгийн цалин авдаг ч байр, машин, камерны зээлдээ зориулагдаад дуусдаг. Ингэлээ гээд хэн нэгэнд ялархаж амьдралыг муухайгаар хараад байдаггүй. Байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байхад болно гэж боддог. Би амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайхнаар төсөөлж хардаг. Гэтэл зарим нь өөдрөг, лаг хүн болох гэж хичээлээ гэж шүүмжилдэг. Би үхэхээс бусдыг үзсэн. Хүн амьдралыг ямар өнцгөөс харна, тийм л харагдана. Дотроо нурж, өмөрч, хэцүү байсан ч гадагшаа хэлээд байхыг хүсдэггүй. Олон мянган км зам туулахад уйлах гомдох, баярлах инээх зүйл бишгүй л тохиолдсон доо. Бүүр хүн үнэмшмээргүй зүйлийг ч үзсэн. Гэхдээ энэ бүнийг одоо би ярьмааргүй байна. Олоон жилийн дараа ярина.

 Хоосон байсан ч зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилж явж байхыг хичээдэг юм. Хүүхдүүдээ хоолтой, дутуу дулимаг биш байлгая гэж бодоод энэ бүх замаа зогсоож болох л байсан. Надтай хамт анх Завханы сумдаар явсан зураглаач, жолооч, археологич  гурав “Ингэж явмааргүй байна. Наадмаар амармаар байна, ар гэр минь хүлээж байгаа” гээд цалингаа аваад замаасаа буцаж, намайг орхиж байлаа. Нэгэн сумын гудманд явган, өөрийнхөө камерыг үүрээд, нуруугаар хатгаад явж чадахгүй үлдэж л байсан. Хамтран ажиллаж байсан улс төрчидөөс мөнгөнийхөө асуудлаас ч гэнэт татгалзаж эргэж буцсан. Энэ бүхнээс ч хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туулсан даа. Тэгээд ядарч туйлдсан амьтан Завханд ээжийнхээ гэрт мөлхөж орж байлаа. Маргааш өглөө ээж минь сэрээж, "төрсөн өдрийн мэнд хүргэе охиндоо" гээд банштай цай барьчихсан зогсож байсан. Тэгэхэд уйлмаар байсан ч ээжийгээ зовоохгүй гэж нулимсаа тэвчиж байсан. Энэ их замыг туулаад мөлхөөд ч хамаагүй очих ээжтэй байна гэдэг дэндүү сайхан.

-Харин танд эргэж буцах, шантрах үе гарч байв уу?

-Нэгэнт гарсан замд эргэж буцах боломжгүй. Тиймээс би эргэж буцаж байгаагүй, буцах ч үгүй. Түүхч, түүхийн ухааны доктор, түүхийн багш байж хичээлээ заачихаад л зүгээр суухыг хүсээгүй. Зөвхөн хичээлээ заачихаад өдөр хоногуудыг өнгөрөөх амархан л даа. Гэвч би тэгж чадахгүй. Монголын түүхийг зөвөөр ойлгуулах, ард түмэнд түгээх хүслээр энэ ажлыг хийгээд дөнгөж эхэлж байна. Ирээдүйн залуучуудад Монголын түүх гайхалтай, агуу юм, үндсэрхэг үзэл биш үндэсний үзэл байх ёстой, ирээдүйн инженер чи эх орондоо хайртай байх ёстой гэдгийг ойлгуулах гэж энд сууж байна. Монголчуудын баяр, амралтын өдөр олон тохиодог нь надад том завшаан болдог. /инээв.сурв/

Баасан гарагт хичээлээ заачихаад машинаа унаад л хотоос гарчихдаг. Өнгөрсөн зун Завхан аймгийн 24 сумыг дуусгаж, Ховд аймгийн 10 сумаар орсон, Архангай аймагт ажилласан. Мөн намаржин, өвөлжин, хаваржин Архангай аймаг, Увс аймаг, Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг, Дорнод аймаг, 2019 оны нэгдүгээр сарын 01 нд Дэгээ голын заставт буюу Монголын орны хамгийн зүүн захын цэгт зогсож байлаа.

Амралтын өдрүүдэд ч цаг наргүй машинаа бариад, найруулагчаа хийгээд л аялдаг. Явж ирээд л энэ жижигхэн буланд суугаад ажилдаа ордог. Энэ багшийнхаа ширээн дээр суугаад хичээлээ ч заана, нэвтрүүлгээ ч хийнэ, номоо ч бичнэ. /ШУТИС-ийн 2-р байр/ Явсан газар, үзсэн зүйлс минь ном болон гардаг. Ирэх намар дөрвөн ном гаргахаар хүлээгдэж байна даа.

-ОХИНОО ҮҮРЭЭД ТУУЛСАН ЗУРГААН МЯНГАН КМ ЗАМЫН ЗАРИМ НЬ ҮНЭХЭЭР ХҮНД БАЙСАН-

-Таны энэ их хатуужил, тэвчээр хаанаас нь гардаг вэ гэж гайхах хүмүүс байдаг л байх. Юунаас урам зориг авч, ингэж хурцлагддаг вэ гэж асуумаар санагдлаа?

-Эцэг эхийн хүмүүжил хамгийн том суурь байдаг. Би айлын арван хүүхдийн ес дэх нь. Манай аав, ээж хоёр бүх зүйлд чин сэтгэлээсээ хандахыг биднээс хүсдэг. Тэгж л хүмүүжүүлсэн. Манайхан бүгд их, дээд сургууль төгссөн. Манайд гурван багш бий. Эд нар дотроосоо хамгийн эрх танхил, хамгийн дур зоргоороо хүүхэд би байлаа. Аав ээждээ эрхэлж уйлна, ах, эгч нар гэрийн ажлаа хийнэ, би эрхлэх л үүрэгтэй, амьдрал үзээгүй, аавыгаа алдсан 37 нас хүртэлээ би шувуу мэт дүүлэн нисэж байлаа. Амьдралыг дэндүү амархан, хүмүүс бүгд тэнгэрлэг гэж бодож явсан. Багшийнхаа ажлын хувьд хатуу зарчимч хүн. Миний хичээлээс нэг секунд ч хоцрохгүй байх ёстой, монголын түүхээ цээжээрээ ярьж чаддаг байх ёстой, хүн шиг хүн байх ёстой, үндсэрхэг биш, үндэсний үзэлтэй байх ёстой  гэдэг шаардлагыг оюутнууддаа тавьдаг. Намайг оюутнуудаас минь асуувал хатуу багш л гэж хэлнэ. Харин  амьдрал дээр бол наль наль гэсэн зантай, тас тас инээсэн, нээг их эрх яриатай, гомдомхой, тунирхуу нэгэн. Тийм хүн атлаа яаж, яаж, яаж ингэж яваад байна гэж ах, эгч нар ч гайхдаг. Амьдралаас би олон зүйлийг ойлгож авсан.

Аз болж “муу”  хүмүүс их тааралддаг. Би аз болж гэж хэлэх их дуртай. Тэр хүмүүс намайг ямагт хурцалдаг. Нөгөө талаар амьдрал хүнийг аяндаа хатуужуулж, хурцалдаг юм билээ. Энэ олон мянган км замыг туулах болсон шалтгааны нэг нь миний охин. Учир нь миний бага охин төрөөд удаагүй байхдаа зүрхний ховдол цоорхойтой гэдэг  онош сонссон. Тухайн үед би эмч нараас мэс хүргэхгүйгээр яаж эмчилж болох тухай хамгийн түрүүнд асуусан. Гэтэл Япон эмч нар "хүүхдээ цэвэр агаарт сайн авч гар" гэж хэлж байсан. Үүний дагуу зургаахан сартай хүүхдээ явган нүцгэн, унаатай унаагүйгээр үүрээд хөдөө хээрээр авч явсан. Зургаан аймгаар явж зургаан мянган км зам туулсан. Явж үзээгүй гэж газар ч гэж үгүй. Отгонтэнгэр хайрхан, Хөвсгөл далай гээд л бүхий л газрын нар салхинд авч явсан. Ингээд жилийн дараа эмнэлэгт үзүүлэхэд эдгэчихсэн байсан. Хагалгаанд орох шаардлагатай маш том цоорхой цэг төдий болчихсон байна гэж хэлж байсан юм. Япон эмч нар охиноо үүрээд энэ олон мянган км замыг туулсан гэдгийг сонсоод “Монгол эмэгтэй хүн үнэхээр гайхалтай юм” гэж хэлж байсан.

Охиноо үүрээд туулсан зургаан мянган км замын зарим нь үнэхээр хүнд байсан. Тухайн үед өөрийн гэсэн машингүй байлаа. Хөвсгөлд долоо хоног бороо ороод гал ч асахаа больсон удаа бий. Тэгээд охиноо үүрээд, ачаагаа чирээд зам дагаад алхахад гэр бүлээрээ явж байгаа машинтай хүмүүс зогсохгүй ширүүн бороонд норон  нулимс минь зогсоо зайгүй урсан алхаж байсан өдөр ч бий. Амьдрал ийм хатуу байдаг гэдгийг 37 насандаа тэгэхэд л мэдэрсэн. Зарим хүмүүст би  монгол дээл өмсчихсөн хүүхэн, олон газраар явж зугаалсан их л мөнгөтэй хүн харагддаг байх. Ард нь том ивээн тэтгэгч байна ч гэж ярьдаг. Гэтэл цаана нь маш их баяр, жаргал, зовлон, шүд зуулт,  нулимсыг үзэж  байж хийж бүтээж буй  зам минь зурайж байгаа юм. Харин наанаа бол миний хийж байгаа нэвтрүүлэг л сайхан байх ёстой. Хүмүүст сайхнаар хүргэх зорилготой юм.   

-“Эх түүхийн жимээрнэвтрүүлгийн гол зорилго нь юу вэ. Цаашид ямар аймгуудыг зорьж нэвтрүүлгээ үргэлжлүүлэх вэ?

-Энэ нэвтрүүлэгтээ дандаа ахмад хүмүүсийг оруулахыг зорьдог. Тэднээр өнгөрснийг, үнэт түүхийг яриулж үлдээх нь хамгийн сайхан. Өндөр настай эмээ өвөө нараас нандин сайхан яриануудыг сонсож, авч үлдэх ёстой. Хоёр жилийн дараа эргээд очиход зарим нь хорвоо дээр байхгүй болчихсон байдаг. Зарим сумын засаг дарга нар нэг дор 50 гаруй ахмадыг цуглуулчихсан хүлээж байх нь бий. Хорвоо дээрх хамгийн сайхан хүмүүс цоож цуургагүй малчин ард түмэн байдаг. Уулзаад буцсаны дараа сайн явж байна уу, хаана явж байна гээд л араас залгадаг настнууд олон шүү. Тэр хүмүүсийн хайр хүндлэлийг дааж яваа учраас би гарсан замдаа үнэн ч байх ёстой.

Би улс төрд дургүй. Намайг улс төрд орох гээд ийм зүйл хийгээд яваа гэж харж, хараадаг хүмүүс ч бий. Гэтэл тийм биш. Би улс төрөөс ангид явахыг хүсдэг. Олон хүмүүсийн хараал зүхлийг дааж чадах тэвчээртэй, тэнхээтэй хүмүүс улс төрд ордог байх гэж би хувьдаа боддог. Би тэгж чадах хүн биш. Тэгэхээр миний явж байгаа зам, хийж байгаа нэвтрүүлэг улс төрөөс ангид. Ардчилсан намын хүн бензиний мөнгө өгөхөөр Ардчилсан намынх, МАН-ын хүн бензиний мөнгө өгөхөөр МАН-ынх гэж хардаг. Нам улс төрөөс ангид цэвэр түүхийн төлөө үйлдэл. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хийж байгаа зүйл. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгаас бусад бүх аймагт хөл тавьсан байна.

-Удахгүй Ховд аймаг руу гарах гээд аян замын бэлтгэлээ базаагаад завгүй яваа сурагтай шүү?

-Тийм ээ. Удахгүй Ховд аймаг руу гарах гэж байна. УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа эгч үлдсэн зургаан сумаар явуулах гэж байна. Тэгээд Увс, Хөвсгөл гэсэн маршрутаар явж есдүгээр сарын 01 гэхэд оюутнуудынхаа өмнө ирээд зогсож байх ёстой.

Өмнө нь  Ховдод очиход маш сайхнаар хүлээж авсан. Хаана яаж явааг минь цаг тутам асууж санаа тавьсанд талархдаг юм. Жолооч чинь ямар хоол идэх вэ гэж асууж байсан. “Би өөрөө жолооч нь байна” гэхэд “Ямар мундаг эмэгтэй вэ” гээд л, очихоор хамгийн сайхан бүхнээ үзүүлэх гээд л. Ер нь баруун аймгийнхан хамгийн зочломтгой ард түмэн юм билээ.

-ТҮҮХ ГЭДЭГ ӨНГӨРСӨН, ОДОО, МАРГААШ ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭС ЮМ-

-Та ярилцлагын турш Түүх гэж ярилаа. Түүхийн багш хүний тань хувьд таниас түүх гэж юу юм бэ гэж асуумаар байна?

-Зөвхөн өнгөрсөн зүйлийг түүх гэдэггүй. Түүх гэдэг  өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн хэлхээс. Бид өчигдрөө мэддэг болсон, өнөөдрөө бий  болгох гэж яваа. Өнөөдрөө бий болгочихвол маргааш ойрхон болно. Өнөөдөр хүмүүс улс төрчдийг ихээхэн шүүмжилдэг. Харин би хэзээ ч шүүмжилдэггүй. Яагаад гэвэл эх орондоо хайртай, түүхэндээ элэгтэй, мэргэжилдээ үнэнч эгэл жирийн түүхийн багш нар 100 жилийн дараа улс төрчдийг хичээл дээрээ заагаад зогсож байх юм. Өнөөдрийн улс төрчдийн хэнийг нь  ч заана. Монголын түүх бол төрийн түүхэн зүтгэлтний түүх юм. Тэр үед тухайн улс төрчийн ач, гуч, жич нь сонсоод сууж байна. Тийм учраас өнөөдөр тэр хүмүүсийн өмнөөс бид гуниглаад, уурлаад, муулаад яах юм бэ. Бүх юм түүх болон үлдэнэ гэдгийг ойлгох л хэрэгтэй.

-Яагаад?

-Өнөөдөр түүхээ мэдэхгүй хүн ойд “төөрсөн” сармагчин лугаа гэж ярьцгаадаг. Гэтэл сармагчин ойд хэзээ ч төөрдөггүй л байхгүй юу. Түүхийн багш нар хичээлээ сайн  заахгүйгээс болж түүхээ мэдэхгүй оюутнууд орж ирдэг юм. Монголын түүхийн үнэн мөнийг таниулахын тулд өөрийн зардлаар Монгол орноо тойрч багш нарт хичээл зааж байсан.  Тухайн үед цахимд ийм газруудаар явж хичээл заалаа гэж нийтлэхэд “Энэ хүүхэнд өөр хийх зүйл олдохгүй байгаа юм байх даа” гэдэг шүүмжлэл их  ирсэн. Тэгээд л шүүмжлэл даахгүй цочирдолд ороод л машиндаа орж уйлж байв. Уйлж суухдаа монголын археологчидоор явъя гэж гэнэт бодсон. Тэгж л анх эхэлсэн зам даа. Өнөө цагт зүгээр суусан хүн биш, юм хийсэн хүн л шүүмжлэлд өртдөг цаг гэлээ ч би явсаар л байх болно.

-Таны хийдэг нэвтрүүлгүүд хаана тавигддаг, хаагуур гардаг вэ?

-Фейсбүүк хуудсанд “Эх түүхийн жимээр нэвтрүүлэг” гэсэн пэйж байгаа. Мөн “Youtube”-д Түүхийн жимээр гэж хайхаар гарч ирнэ. Манай нэвтрүүлгүүд Сүлд ТВ ээр долоо хоног бүрийн Баасан, Бямба гарагуудад 18:00 цагаас гардаг. Мэдээж долоо хоногийн програмаасаа хамаарч цаг нь өөрчлөгддөг ч өдөр  нь тогтмол  энэ гарагуудад олон нийтэд түгээгддэг. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг “Сүлд” ТВ ийн залуучууддаа баярлалаа.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа. Манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?  

-Бидэнтэй хамтарч ажиллаж болно. Нээлттэй. Бас дэмжиж, урам хайрлаж байгаарай. Магадгүй хэзээ нэгэн цагт эх орондоо хайртай, эх түүхэндээ элэгтэй, бизнесмэн, улс төрчид, эгэл жирийн ард түмнээс маань ч хүн гарч ирээд энэ муу сайн дураараа зүтгэж яваа хүүхний зүтгэлийг ойлгож, хөрөнгө оруулалт хийж, бензиний мөнгөөр таслахгүй явуулах ч юм билүү. Тийм цаг удахгүй ирнээ гэж би боддог. Тэгвэл би 21 аймгаа бүтэн тойрч дуусна. Надад эрч хүч, зориг, хатуужил, тэсвэр тэвчээр бүгд бий. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж яваарай хэмээн та бүхнээсээ хүсье.




Өнөөдөр луу өдөр

48 минутын өмнө