ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын улс төрийн хувьд соёлын чухал өөрчлөлтийг авчрах сонгууль болно

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын улс төрийн хувьд соёлын чухал өөрчлөлтийг авчрах сонгууль болно

Тун удахгүй Монгол улс парламентын  сонгуулиа явуулж шинэ засаглалаа тогтоох гэж байна. Тэгвэл энэ тухай Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, нийгэм, соёлыг хамарсан олон улсын мэдээний сайт www.thediplomat.com нийтлэл гаргажээ.

-МОНГОЛЫН ИРГЭД ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ
ДААН НЭР ДЭВШИГЧДИЙГ ИЛҮҮ ДЭМЖИХ МАГАДЛАЛТАЙ
БАЙНА-

Монгол улсад зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын сонгуульд олон тооны бие даан нэр дэвшигч болон шинэ намуудын төлөөлөл өрсөлдөж байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд сонгогдсон эрх баригч намуудын улмаас Монгол улсын иргэдийн   бухимдал улам бүр нэмэгдсээр байна. Учир нь Монгол улсад улс төрчидтэй холбоотой авлигал, хээл хахууль болон бусад төрлийн гэмт хэрэг ихээр гарах болсон юм. Гэсэн хэдий ч сүүлийн арван жил засагласан томоохон намууд  УИХ дахь 76 суудлын дийлэнх хувийг дахин эзэлхээр эрмэлзэж байгаа аж. Харин энэ удаагийн сонгуульд  тус улсын иргэд бие даан нэр дэвшигчдийг илүүтэй дэмжиж байгаа нь Монгол улсын иргэдийн ардчилалд итгэх итгэл нь хүчтэй хэвээр байгааг харуулж байна. Энэ нь тус улсад олон нийтийн оролцоог дахин сэргээх боломжтой гэж судлаачид таамаглаж байна.

-СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МОНГОЛ УЛСАД УЛС ТӨРЧИДТЭЙ
ХОЛБООТОЙ АВЛИГАЛ, ГЭМТ ХЭРГИЙН ДУУЛИАН
ИХЭСЧЭЭ-

2016 оны парламентын болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын сонгогчид улс төрийн зарим байгууллагууд, тэр дундаа улс төрийн намуудын талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар сонгогчдын 8 гаруй хувь нь хоосон санал хураалт явуулж, нэр дэвшигчдэд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Сүүлийн жилүүдэд улс төрчдийн нэр хүндийг гутаасан авлигын дуулиан Монгол Улсад ихээр дэгдэх болжээ. Энэ нь ардчилсан замаар хөгжиж ирсэн тус улсын хөгжлийг хойш татах хамгийн том шалтгаан болсон юм.

ТУС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СОНГУУЛИЙГ
ХОЙШЛУУЛАХ САНАЛ ГАРГАЖ БАЙЖЭЭ

Гуравдугаар сарын 25-ны өдөр “Синьхуа” агентлагт мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус улсын парламентын сонгуулийг хойшлуулах санал гаргажээ.

Энэхүү саналыг COVID-19  цар тахал өвчний улмаас Монголын ард түмнийг эдийн засгийн хямралд оруулах боломжтой гэсэн үндэслэлээр гаргасан байна.

Тэрээр хэлэхдээ "Бид одоо коронавирусийн халдвартай бүх хүчээрээ тэмцэж байна. Шударгаар хэлэхэд, бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Хэрэв ийм байдал үргэлжилсээр байвал манай эдийн засаг цаашид тэсвэрлэх чадваргүй болох нь ойлгомжтой. Тиймээс бид боломжтой бүх зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах хэрэгтэй. Ялангуяа, мөнгөө хэмнэхийн тулд энэ жилийн парламентын сонгуулийг хойшлуулах хэрэгтэй" гэж мэдэгдэж байсан юм.

Гэтэл тус улсын парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд болохоор товлогджээ.

Монгол Улсын парламент нь дөрвөн жилийн хугацаагаар үргэлжилдэг бөгөөд 76 гишүүнээс бүрддэг. УИХ-ын өмнөх сонгууль нь 2016 оны зургадугаар сарын 29-нд болж байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ МАЖОРИТАР
ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАНА

Энэ удаагийн сонгууль нь 2008 оныхтой адил олон гишүүнт мажоритар санал хураалтын тогтолцооны дагуу явагдана. Монгол Улс сонгуулийн 29 тойрогт (аймаг, нийслэлийн дүүргүүд) хуваагдсан бөгөөд эдгээр нь тус бүр УИХ-ын 2-3 гишүүнийг сонгоно. Энэхүү сонгуулийн систем нь бусад улсын сонгуульд ховор хэрэглэгддэг, эмэгтэй нэр дэвшигчдэд тааламжгүй хэлбэр боловч шинээр нэр дэвшигчид болон засгийн эрхэнд өмнө нь гарч байсан эсэхээс хамааран ашиг тусаа өгч магадгүй гэж үзэж байна.

Сонгуульд нийт 670 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 208 нь бие даан нэр дэвшигчид юм. Энэ сонгууль нь Монголын улс төрийн соёлын чухал өөрчлөлтийг авчирах болно гэж судлаачид дүгнэж байгаа юм. Мөн зарим сонгуулийн тойргуудад ширүүн тулаан өрнөх төлөвтэй байна.

СЭТГҮҮЛЧ, ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭН, ХҮНИЙ ЭРХИЙН
ИДЭВХТНҮҮД ОЛНООР НЭР ДЭВШИЖ БАЙНА

Уг сонгуулиар эмэгтэйчүүд улс төрийн соёлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар тус улсын хоёр том эрх баригч нам болох МАН-аас  16, АН-аас  17 эмэгтэй нэр дэвшиж байгаа нь 20 хувийн квотыг давсан үзүүлэлт болж байна. Харин сонгуульд оролцож буй  томоохон эвслүүдийн нэг “Зөв Хүн-Электорат” –аас  16 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна.

Энэ жилийн сонгуулиар сүүлийн 30 жилийн турш улс төрд ноёрхож байсан улстөрчдөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд танигдсан эрхмүүд,  үндсэрхэг үзэлтнүүд мөн хүний ​​эрхийн идэвхтнүүд ихээр гарч ирж байна. Нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглан сонгогчидтой харилцах түвшингөө дээшлүүлсээр байна. Сонгогчид өнгөрсөн хугацаанд намуудын амласан мөрийн хөтөлбөрийг биелэгдээгүй гэж үзэж байгаа тул энэ сонгуулиар өөрсдийгөө танилцуулсан шинэ дуу хоолойг сонгох магадлал их байгаа юм.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө