“Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа уналтаараа эхний гуравт орлоо

“Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа уналтаараа эхний гуравт орлоо

“Улсын Их Дэлгүүр”-ийн барилгад  өнгөрсөн ням гарагт гал гарсны улмаас учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцох боломжгүй байгааг албаныхан хэлж байна.

Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр сүүлийн арилжаагаар  “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн  нэгж хувьцааны ханш 12.88 хувиар буурч, 531.40 төгрөг болжээ.

Гэхдээ өчигдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн хувьцаанаас  гадна “Шивээ-Овоо” компанийн хувьцаа 14.47 хувь, “Мерекс” компанийн хувьцаа 12.90 хувиар тус тус буурч, уналтаараа эхний нэг, хоёрт  бичигджээ.

“Улсын Их Дэлгүүр” ХК-ийн нийт хувьцааны гаргасан хувьцааны тоо 36,807,850 ширхэг. 19,559,691,490.00 төгрөгийн зах зээлийн үнэлгээгээр ТОП-20  индексийн 20-д бичигдэж байна.

 Монголын хөрөнгийн биржийн зүгээс "Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд харамсаж буйгаа  илэрхийлэхийн зэрэгцээ зөвлөмж хүргүүлсэн.

Зөвлөмжид: Бүртгэлтэй хувьцаат компани нь ҮЦЗЗТХ болон Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд тухай бүрд  нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүссэн юм.