Хямралын “шуурга“ Автомашины худалдаа эрхлэгчдийг тойрсонгүй

Хямралын “шуурга“ Автомашины худалдаа эрхлэгчдийг тойрсонгүй

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод  тав дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон иргэн ажилгүй болж, өрхийн орлого буурсны улмаас аливаа бизнесийн үйл ажиллагаа доголдох болсон. Тэгвэл хямрал айсуйг сануулах энэ “шуурга” авто машины бизнес эрхлэгчдийг ч тойрсонгүй.

Олон улсын худалдаа ложистикийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Авто худалдааны цогцолбор”-ыг зорилоо. Худалдааны төвийн хаалгаар ормогц зүүн гар талд эгнүүлэн тавьсан машинуудын шил, толь гялалзаж, баруун гар талд худалдаа, үйлчилгээний газруудын хаяг солонгорно. Хэдийгээр ажлын эхний өдөр ч гэлээ машин худалдаж авч байгаа хүн бүү хэл, сонирхож яваа иргэн ч харагдсангүй.

Гялалзтал арчсан машинаа тойрон үйлчлүүлэгч харуулдан зогсох ченжүүд л техник хэрэгслээр дүүрсэн цэлгэр талбайг амь оруулах мэт. Энэ хавийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар  нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татварын нэг цэгийн үйлчилгээ” гэх урт цэнхэр хаягтай, намхан саарал байшин аж. Тус барилгын сүүдэр, сандал бараадан 10 орчим хүн суусан байх бөгөөд дотор түүнээс олонгүй хүн үйлчилгээ авахаар хүлээн сууж байв. Дугаар тараагч машины хажууханд аминчхан ярьж зогсоо залуу хос нүдэнд туслаа. Тэд “Шинэ "Приус 30" машин авахаар үнэ ханш сонирхож, нэлээд явлаа. Машинууд үнэтэй байна, төлөвлөж хураасан мөнгө маань хүрэхгүй бололтой. Зээл хөөцөлдөх эсэх талаар ярилцаад зогсож байна” хэмээсэн юм. 

Тус талбай дахь машины тоог нүдэн баримжаагаар гаргаж дийлэмгүй тул холбогдох мэргэжилтнээс тодруулахаар албаны байрыг зорилоо. Ижил өндөртэй, шаргал өнгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдийн төгсгөлд “Олон улсын худалдаа логистикийн төв” гэсэн хаягтай байшин байх аж. Бизнес эрхлэгчид, түрээслэгчдийн тоо буурсан эсэх талаар талбайн инженер Б.Энхболд “Манай авто  худалдааны төв дөрвөн хэсгээс бүрдсэн 6376 машины хүчин чадал бүхий зогсоолтой бөгөөд одоогоор 3000 гаруй машин байна.

Бүх зогсоол зургаан метр урт, гурван метр өргөнтэй бөгөөд нэг өдрийн түрээс 2000 төгрөг. Мөн зогсоол хоорондын зай зургаан метр. Үйлчлүүлэгчид машинтайгаа явж, худалдаа үйлчилгээ авах ая тухтай орчин бүрдүүлсэн. Талбайн түрээсийн үнэ хямд, бүрэн камержуулсан учраас түрээслэгчид жилээс жилд нэмэгдэж байгаа. Түрээслэгчдийн олонх нь жилээр гэрээ байгуулж, түрээсээ төлдөг учраас хөл хориотой холбоотой түрээс тасрах, түрээслэгчид буурах зүйл гарсангүй” хэмээх тайлбар өглөө. Ерөөс нэг цэгийн үйлчилгээ төвлөрсөн учир машинаа аваад, улсын техникийн үзлэг,  оношилгоонд хамрагдаж, дугаараа аваад шууд унаад гарах боломж бүрдсэн нь тун ч аятайхан санагдав.   

Машинуудыг улсын дугаартай болон улсын дугааргүй буюу импортын машин гэсэн хоёр хэсэг болгон байршуулдаг аж. Талбайн урд хэсэгт импортоор орж ирсэн шинэ машинууд зүс булаалдан эгнэн зогсжээ. Өдөржин гадаа байгаа хэрнээ ширхэг ч  тоосгүй буугаагүйг нь харвал эзэд нь өдөрт хэдэнтээ зүлгэдгийг илтгэх шиг. Сувдан цагаан “Приус” машин арчиж зогссон залуу алсаас зорин очих намайг “Ямар машин сонирхож явна” хэмээн эелдэгхэн угтлаа. Түүнийг  Э.Тамир гэдэг бөгөөд найзуудтайгаа нийлэн автомашины бизнес эрхлээд цөөнгүй жил болжээ. Түүнээс арилжаа наймаа хэр байгаа тухай асуухад “Худалдан авалт огцом буурсан. Иргэдийн олонх нь бэлэн мөнгөгүйн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан машин авч байна.

Манайх бүх төрлийн япон автомашин борлуулдаг. Зээл авч, бизнесээ эхлүүлсэн болохоор орлого муудсан. Банкны хүүгээ төлөх гэж ахин өөр төрлийн зээл авсан” хэмээн учирлалаа. Цааш явсаар "Prada", "Harrier", "RX"  зэрэг маркийн жийп машин зарж буй залуутай цөөн хором ярилцлаа. Түүнийг П.Очир гэдэг бөгөөд “Ерөнхийдөө машины үнэ  1-2 сая төгрөгөөр нэмэгдсэн. Нэг машин хоёроос гурван сар зогсож зарж байна. Оны эхэнд 40 орчим машинтай байсан одоо  27 машинтай болсон. "Prada" 63-65 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Манайх харьцангуй олон жил болсон, түншүүдтэй учраас гайгүй. Түүнээс дөрөв, таван машин зарж буй ченжүүдийн хувьд нөхцөл байдал хүндэрч байгаа” гэв. Зогсоол дундуур нэлээд явж, монголчуудын гол хөл залгуулах унаа болсон "приус" маркийн автомашины үнэ ханш сонирхвол “Приус 20” 13-15 сая,  “Приус  30” 13.5-16.5 сая, "Акуа" 9.5-13 сая, “Приус 40,41” машин  18-21.5 сая төгрөгийн үнэтэй байв.

А.Мядаг гэх 40 гаруй насны эмэгтэй голчлон “Приус” маркийн автомашин зардаг бөгөөд цалинжиж ажилладаг гэнэ. Тэрбээр “Хөл хорионоос хойш сардаа хоёр, гуравхан машин зарах болсон. Ингэснээр борлуулалтын ашиг  буурсан тул өрхийн орлогод маань нөлөөлж байна. Ер нь машины үнэ буурсан зүйл байхгүй. Бие биенээсээ түрүүлж зарахын тулд зарим нь арай татуу өгч байгаа байх” гэж ярилаа. Ийнхүү ченжүүдтэй ярилцах зуур дөрөв, тавхан үйлчлүүлэгчидтэй танил болтлоо хэдэнтээ зөрөв.  Ийм нэг эл хуль, нам гүм байдал нь зах дотор явааг мартуулах шахна. Гагцхүү цаг нөхцөөж ядан, мар мар инээлдэх ченжүүдийн дүр төрх л худалдааны төв дотор явааг сануулна. Ченжүүдийн ярьж буйгаар Цагаан сарын дараахан машины үнэ бага зэрэг буурсан ч одоо буцаад нэмэгдэж байгаа тухай хэлсэн юм. Мөн ам.доллар, иень өсөж байгаа тохиолдолд, машины  үнэ буурахгүй гэсэн хандлагатай байлаа. 

Импортын машины хэсгээс гарч, хойш явсаар “Дугаартай автомашины худалдаа” гэсэн хаягтай төмөр хашаатай хэсэгт ирлээ. Энэ хэсэгт харьцангуй цөөн машин байх бөгөөд үйлчлүүлэгч нүдний гэм гэмээр цөөхөн байлаа. Зогсоолын наад захад “Ланд-80” машины хаалгыг хагас онгойлгож, хөзөр тоглон суугаа хэсэг эрчүүд байх нь тэр. Машины гадна тамхи соронгоо, бусдыгаа ажиж зогссон 30 гаруй насны, биерхүү залуу биднийг харангуутаа яаран тамхиа унтрааж, зам тослоо.  “Ланд-80” хэдтэй байгааг сонирхоход "13-14 сая төгрөг дотор бий. Үзэж, хараад авахаар бол гайгүй яриад өгнө шүү” гэх нь тэр. Түүнд сурвалжилга бэлтгэж яваагаа хэлэхэд, машин доторх эрчүүд ч бидний ярианд оролцон иргэд ажилгүй, орлогогүй болчихон болохоор борлуулалт бараг 70 хувиар буурсан тухай хуучлав. Тэд “Дизель хүрээ”, “Мөнгөн хүлэг” захыг хаасантай холбоотой өнгөрсөн гуравдугаар сард ийшээ ирсэн бөгөөд  3-5 машин зарж байгаа аж.

Тэдгээр захыг хаасантай холбоотой бүх ченж ийшээ ирсэн ч “Дизель хүрээ” зах хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул олонх ченж буцаад нүүчихсэн гэнэ. Иймээс энэ хэсэг машин тэрэг цөөнтэй, үйлчлүүлэх хүнгүй байгаа болж таарав. Нэгэнт захыг нь хаах шийдвэр гаргачихсан байхад үйл ажиллагаа явуулж байгаад, бизнес эрхлэгчдийн хохироож байгаад чамгүй бухимдалтай байлаа. Харин зогсоолын түрээсээс тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаа бөгөөд өнгөрсөн сард 100 хувь чөлөөлсөн тухай ихэд баяртай өгүүлж байв. Тэднээс насаар арай ахимаг болов уу гэмээр 50 гаруй насны эрийг н.Хүрэлбаатар гэнэ. Тэрбээр “Гуравдугаар сараас хойш нэг ч машин зарсангүй. Өдөр бүр 30-40 километр нааш, цааш явж ирээд, 10 мянган төгрөгөөр хоол идчихээд энд эсэргүүцэл зарлаж байгаа  аятай ингээд сууж байна” гэхэд бусад нь нирхийтэл инээлдэж, “Нээрээ л тийм дээ” хэмээн хариултад нь хүч нэмэв.

Тэдний өгүүлснээр улсын дугаартай автомашины үнэ 1-1.5 сая төгрөг буурсан ч худалдан авах хүн олдохгүй байгаа аж.  Мөн “Бид бусдын л адил ажил, амьдралаа залгуулж яваа жирийн иргэд. Ганц, хоёр машин худалдаж, мөнгө эргэлдүүлэх санаатай зээл авсан ч ингээд нам гацчихлаа. Зээлийн хүү, банкны дарамтаас болоод энэ хашаанд зогсоо хүмүүсийн хоолойгоор  хоол  давахад хэцүүхэн болж байна даа" гэж хэлээд үйлчлүүлэгч хайх шиг эргэн тойрноо ажсан ч хэн ч байсангүй.  Мөн олны нэрийддэгээр галын улаан, амьжиргаа цагаан зэрэг жижиг оврын ачааны тэрэг зарж буй ченжүүдтэй уулзвал “Уг нь өдийд малчид ноолуураа тушаачихаад, унаагаа сэлгэдэг тул хамгийн өндөр борлуулалттай байдаг юм. Гэвч энэ  жил ноолуур  үнэд хүрэхгүй, орлогогүй байгаа учир борлуулалт гурав дахин буурсан” хэмээн толгой сэгсрэн ярих нь тэр.  

Зун дэлгэр цаг ирж, амралт зугаалгын улирал, наадам эхлэхтэй холбоотой айл  бүр унаа тэргээ сэлгэж, техникийн захууд олны хөлд дарагдан, чимээ шуугиан нь хаалгаар шагаймагц чих дүнгэнүүлэх шахам байдаг сан. Гэвч энэ жил эзнээ хүлээсэн төмөр хүлгүүд тушаал авсан цэргүүд номхон "жагсаж", худалдан авагч хүлээсэн ченжүүд хэдэн машинаа цоолох шахам зүлгэж, тоосны алчуураа элээн байгаа харагдана. Цаг нөхцөөж ядахдаа бөөгнөрөн сууж хөзөр тоглох залуучууд хаа сайгүй үзэгдэх нь автомашины борлуулалт ямар байгааг хэнээс ч асуулгүйгээр ойлгуулсаар.  Харин ченж бүртэй жич уулзаж, үнэ буулгах тухай аминчлан асуух цөөн хэдэн худалдан авагчдийг ажваас халаасанд байгаа хэд нь унаатай болоход хүрэлцэхгүй байгаа нь илт. Бидэнтэй таарч, хуучилсан иргэдийн олонх нь машины үнэ буураагүй байгаа тухай ярьж байлаа.

Нэг зогсоолын сарын түрээс 60 мянган төгрөг гэж үзвэл 15 машинтай ченж сард 900 мянган төгрөг түрээсэнд, түүнээс хэд дахин их  мөнгө зээлэнд төлнө гэсэн үг. Гэтэл гурван сарын хугацаанд нэг ч машин борлуулаагүй ченж нэг биш таарсан юм. Гэвч тэдний цаана ханийгаа орлоготой ирэхийг хүлээх гэргий, ааваасаа амттан горьдох жаалууд бий гэж бодохоор гунигтай.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин