Эмх замбараагүй байдлаас үүдсэн хог хаягдлыг 10 цаг цэвэрлэсэн хүүд тэтгэлэг, машин бэлэглэжээ

Эмх замбараагүй байдлаас үүдсэн хог хаягдлыг 10 цаг цэвэрлэсэн хүүд тэтгэлэг, машин бэлэглэжээ

АНУ-д болж буй арьс өнгөний эсрэг жагсаал хяналтаас гарч олон хотод эмх замбраагүй байдал үүдсэнээс их хэмжээний хохирол учраад байна. Үүний нэг нь Нью-Йорк мужийн Буффало хот юм.

Тус хотын иргэн 18 настай Антонио Гвинн төрөлх хотоо жагсаал, эмх замбараагүй байдал хэрхэн сүйтгэснийг зүгээр хараад суусангүй. Тэрбээр шөнийн 02.00 цагт гэрээсээ шүүр, хогны уут барин гарч арван цагийн турш нэг ч амраагүй гудамжуудыг цэвэрлэжээ.

Харин өглөө нь түүний зөв үйлдлээс жишээ авсан хөршүүд, зохион байгуулалттай бүлгүүд цэвэрлэгээнд туслахаар ирцгээсэн ч Антонио аль хэдийн ихэнх талбайг цэвэрлээд дуусч байжээ.

Антонио ахлах сургуулийн сурагч бөгөөд хэвлэлд яриа өгөхдөө “Би зурагтаар гудамж талбай хэрхэн шилний хэлтэрхий, хогоор дүүрсэн байхыг хараад, маргааш өглөө хүмүүс ажилдаа явахын тулд энэ гудамжууд цэвэрхэн байх ёстой гэж бодсон” хэмээн ярьжээ.

Антониог мэдээнээс харсан 27 настай Мэтт Блок түүнд хувиасаа 2004 оны улаан Мустанг машин бэлэглэсэн байна. Блокын хэлснээр тэрбээр бага наснаасаа тус машиныг мөрөөдөн байж авсан ч өдгөө өдөр тутамдаа унахгүй байгаа аж. Мөн тэрбээр Антониог Facebook дээрээ машин авахаар төлөвлөж байгаагаа бичсэн байсныг хараад, өөрийн хайртай машинаа илүүчлэхээр шийдсэн байна. Харин нутгийн даатгалын бизнесмэн Боб Брайслэнд дээрх бэлгээс санаа авч, хүүгийн шинэ машины даатгалыг нэг жилээр үнэгүй сунгаж өгсөн байна.

Антонио сургуулиа төгсөөд бизнесийн сургуульд сурахаар төлөвлөж, мөнгөө цуглуулж байсныг мэдээд Буффалогийн Медайлле коллеж түүнд 100 хувийн тэтгэлэг санал болгожээ.