Нэгдүгээр эмнэлэг эмчийн жорыг цахимаар илгээдэг боллоо

Нэгдүгээр эмнэлэг эмчийн жорыг цахимаар илгээдэг боллоо

Өнгөрсөн даваа гарагт Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг улсдаа анхны амбулаторийн эмийн санг нээсэн билээ. Эмийн сан нь дөрвөн үйлчилгээний цонхтой ба үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Дугаарлаж буй иргэд Эрүүл мэндийн даатгалаар 50 хувь хөнгөлж эм олгоно гэсэн ташаа ойлголттой байсаар байна. Харин энэ талаар эм зүйч Ж.Төрмандах мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Шинээр нээгдсэн эмийн сан маань 12,500 төгрөгийн  хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлт нь үйлчлүүлэгч 5000 төгрөгийн эм авсан ч бай 50 мянган төгрөгийн эм авсан ч бай хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Жишээ нь, 5000 төгрөгийн эм авбал үнэгүй авна гэсэн үг. Энэ нь Улсын Нэгдүгээр эмнэлгээр үзүүлж, оношлуулсан өвчтөнд хамаарна. Мөн эхний ээлжид туршилтаар дотор болон мэдрэлийн тасагтай хамтарч ажиллаж байна. Дээрх хоёр тасгийн эмчид үзүүлсэн иргэдийн эмийн жорыг шууд цахимаар амбулаторийн эмийн сан руу илгээх юм. Яваандаа бусад тасгууд нэмэгдэж хүрээгээ өргөжүүлнэ. 

Тухайн өвчтөн эмчээрээ жороо бичүүлээд цахимаар эмийн сан руу илгээнэ. Эмийн сан дээр ирж, регистрийн дугаар болон нэрээ хэлээд жорын дагуу эмээ хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Ингэснээр эмч болон өвчтөн хоёрт аль алинд нь амар болж байна гэсэн үг. Үйлчлүүлэгч нь аль улсын эмийг худалдан авах вэ гэдгээ өөрөө сонгож болно. Манай улс эм, эмийн бүтээгдэхүүнийг хоёр гурван томоохон улсаас импортолж авдаг” хэмээн мэдээллээ.

Энэ үйлчилгээ нэмэгдсэнээр  иргэд ам дамжсан эм худалдан авах, буруу эмчилгээ хийх зэрэг эмийн зохисгүй хэрэглээ багасах ач холбогдолтой юм байна.