Коронавирусийн хоруу чанар буурч, хүч нь саарчээ

Коронавирусийн хоруу чанар буурч, хүч нь саарчээ

Сүүлийн үеийн судалгаа коронавирусийн хүч суларч буй нь цар тахлын хоёр дахь давлагаа ирэх намар гарахгүй гэсэн найдвар төрүүлж байгаа талаар Италийн нэрт вирус судлаач, Миланийн их сургуулийн дэд захирал Массимо Клементи мэдэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Италийн эмч нар КОВИД-19 хоруу чанар суларч буйг ажигласан байна. Түүний судалснаар халдвар авагчдын тоо буураад зогсохгүй хүнд хэлбэрээр өвчлөх нь мөн багасжээ. Клементи өнгөрсөн гуравдугаар сарын эхний 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөн, тавдугаар сарын сүүлийн 15 хоногт эмнэлэгт эмчлүүлсэн 100 өвчтөнүүдийг харьцуулан судалсан байна.

Судалгаагаар вирусийн ачаалал цар тахлын эхэн үед арав дахин их байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, вирусийн хоруу чанар буурч, вирус өөрөө суларч буйг илтгэж байна гэж Клементи үзэж байна. Түүнчлэн энэ дүгнэлтийг хэд хэдэн улс орноос авсан мэдээлэл мөн баталжээ. Коронавирус бусад титэм вирусийн нэгэн адил амьсгалын замын энгийн нэг халдвар өвчин үүсгэх хүртлээ суларна гэж Клементи үзэж байна. Коронавирусийн хүч саарснаар өнгөрсөн өвлийн нөхцөл байдал дахин давтагдахгүй байх магадлалтай гэж тэрбээр онцолжээ.