Хойд Солонгос, Өмнөд Солонгосоос харилцаагаа тасалж, АНУ-г заналхийлэв

Хойд Солонгос, Өмнөд Солонгосоос харилцаагаа тасалж, АНУ-г заналхийлэв

Хойд Солонгосоос хэд хоногийн өмнө Сөүлтэй шууд утсан харилцаагаа тасалсан бол өчигдөр АНУ-д хандан анхааруулга мэдэгдэл хийлээ.

Пёньянаас АНУ-д хандан ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван болж өнгөрөхийг хүсч байвал Солонгосын хойгийн асуудалд хошуу дүрэхээ боль хэмээн заналхийлэв. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдлийг тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулахдаа АНУ-ыг “давхар санаатай, жигшүүртэй” хэмээн тодотгожээ.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудлыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Квон Жун Гун хэлэхдээ “Хэрэв ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван байлгах, “үс өрвийлгөм” үйл явдлаас зайлсхиймээр байгаа бол АНУ өөрийн дотоод асуудалдаа анхаарч, үг хэлээ мэдэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр жилд Хойд Солонгосоос АНУ-ын эсрэг хийсэн сүржин заналхийлэл болов.

-ӨМНӨДТЭЙ ЯАГААД ХАРИЛЦААГАА ТАСЛАВ-

Пёньян нь Сөүлтэй харилцаагаа таслах болсон нь Өмнөд Солонгосын идэвхтнүүд хүнсний бүтээгдэхүүний тусламжтай хамт ухуулах хуудсыг байнга тарааж буйгаас болжээ. Хойд Солонгосын дүрвэгсдийн удирддаг хүний эрхийн төлөөх хоёр байгууллагаас Пёньян руу ухуулах хуудас тараах ажлыг зохион байгуулдаг аж. Тэгвэл хоёр Солонгосын харилцааг сайжруулахын төлөө ажиллаж буй Нэгдлийн яамнаас ухуулах хуудас тарааж буй этгээдүүдэд хуулийг хариуцлага тооцохоо анхааруулжээ.

Улмаар энэ хэргийг мөрдөн шалгах хүсэлтийг Сөүлийн цагдаагийн газарт тавьсан байна. Харин Өмнөд Солонгосын албаны зарим хүн, ард иргэдийн зүгээс Нэгдлийн яамны үйлдлийг эсэргүүцэн шүүмжилжээ. Сөүлийн идэвхтнүүд коронавирусийн цар тахлын үед Хойд Солонгос руу амны хаалт, эм тариа, будаа зэрэг шаардлагата тусламжийг хүргэсээр буй юм. Өмнө нь 2014 онд идэвхтнүүдийн хөөргөсөн ухуулах хуудас бүхий шаарыг буудаж унагаахаар Хойд Солонгосын талаас гал нээж, хил дээр цэргүүд буудалцаж байжээ.