Ж.Мөнхсайхан: “Эмийн сан”-гийн эзэн хүүгийн минь хэрэгт хариуцлага хүлээх нь битгий хэл цагаатгаж өгөхийг хүссэн

Ж.Мөнхсайхан: “Эмийн сан”-гийн эзэн хүүгийн минь хэрэгт хариуцлага хүлээх нь битгий хэл цагаатгаж өгөхийг хүссэн

Өнгөрөгч 2018 оны зургадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр төв”-ийн байранд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харамсалтай нь, хүүгийн амь нас эрсэдсэн хэргийн хариуцлагыг үүрэх эзэн холбогдогч одоо хүртэл тогтоогдоогүй байгаа юм. Гэвч “Дэлгэрэх төв” буруугаа хүлээгээд байгаа боловч, эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байсан н.Ганпүрэв гэх залуу “Би ямар ч буруугүй хэмээн мэлзэж, хэргийг цагаатгаж” өг гэсэн хачирхалтай хүсэлт хүртэл тавиад байгаа аж. Өнөөдөр тус харамсалтай хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин болох гэж байгаа юм. Иймд бид талийгаач хүүгийн ээж Ж.Мөнхсайхантай ярилцлаа.

-АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ХААЛТТАЙ ХИЙХЭД “ЭМИЙН САН”-ГИЙН ТАЛААС ХЭРГИЙГ ХАРААГҮЙ ОЛОН ГЭРЧ ОРЖ ИРСЭН-

-Танай хүүгийн амиа алдсан хэргийг шалгаад цагдаагийн байгууллагын зүгээс ямар дүгнэлт гаргасан бэ?

-Түрээслүүлэгч байгууллага болон түрээслэж байсан эмийн сангийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд тогонд цохиулж амиа алдсан болохыг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаараа тогтоогоод байгаа. Түрээслүүлэгч буюу “Дэлгэрэх төв” бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Харин “Эко шинэс” эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан н.Ганпүрэв гэх залуу огт хүлээн зөвшөөрөхгүй байна. “Би буруугүй” гэж хэлдэг. Харин ч шүүх хурлын үеэр эмийн сангийн хүмүүс “Хэргийг цагаатгаж өг” гэсэн хүсэлт тавьж орж ирсэн. Миний хүү нас бараад яг нэг жил болох гэж байна. Гэтэл хэрэг шийдвэрлэгдсэн зүйл огтхон ч алга.

-Бүтэн нэг жилийн дараа яагаад дөнгөж урьдчилсан хэлэлцүүлэг товлогдож байна вэ?

-Анхан шатны шүүх хурал хаалттай болсон. 2019 оны нэгдүгээр сард урьдчилсан хэлэлцүүлэг болж, тухайн сарын 18-ны өдөр анхны шүүх хурал хаалттай явагдсан байдаг юм.

-Хаалттай болсон шалтгаан юу вэ?

-Мэдэхгүй. Насанд хүрсэн хүн гэдэг утгаараа би ганцаараа гэрчээр орсон. Хамт тоглож байсан найзуудыг нь насанд хүрээгүй гээд оруулаагүй байдаг юм. Харин нөгөө талаас маш олон гэрч ороод ирсэн байсан. Хамгийн хачирхалтай нь хэрэг гарах үеэр байгаагүй хүмүүс ч олон байсан.

-Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага оролцсон уу?

-Нэг ч байгууллага ирж оролцоогүй. Харин манайх нэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Би өмгөөлөгчдөө тэр байгууллагын хүмүүсийг болоод үнэлгээ тогтоосон байгууллагыг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн л дээ. Мөн миний хүүгийн нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө тэр хаалганд тогонд цохиулсан хүмүүс ч байдаг. Тэр хүмүүсийг ч гэрчээр оруулах хүсэлтэй байсан.

-Байцаагч болон прокурор нь солигдоод хэрэг шилжээд байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ хэргийг анх байцааж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хошууч н.Батсайхан гэх байцаагч солигдчихсон. Тэр хүн амралтаа авлаа гээд явсны дараа н.Гарьд гэх хүнд хэрэг шилжсэн. Гэтэл байцаагч н.Батсайханыг ажлаа өгөөд долоохон хоносны дараа, манай нөхөр бид хоёр хөдөө явсан хойгуур эмийн сан нүүчихсэн. Дараа нь хэрэг н.Мөнхгэрэл прокурорт хэрэг шилжээд байтал тэр хүн ч солигдож одоо н.Даваасүрэн гэдэг хүн болсон. Мөн шүүгч н.Идэр бас л солигдож н.Бат-Эрдэнэ гэдэг хүн болоод байгаа. Ерөөсөө л нэгнээс нөгөө рүү шилжих маягтай байгаад байна. 

-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН “САНАМСАРГҮЙ” ГЭХ ЗҮЙЛ АНГИАР “ЭКО ШИНЭС” ЭМИЙН САНГИЙН н.ГАНПҮРЭВ ТЭНСЭН АВАХ МАГАДЛАЛТАЙ-

-Шүүх байгууллагаас н.Ганпүрэвт холбогдох хэргийг ямар зүйл ангиар буруутган хэрэгт татаад байгаа вэ. Энэ тухай танд тайлбарласан уу?

-Шүүх байгуллагын зүгээс н.Ганпүрэвт санаатай биш “санамсаргүй хэрэг” буюу “Эрүүгийн хууль”-ийн 10.6-р зүйл ангиар 1-5 жилийн хугацаатайгаар гадаад гарах эрхт нь хориг тавих, эсвэл нэгээс таван жилээр хорих ял гэсэн зүйл ангиар хэрэгт татаад байгаа. Өмгөөлөгч нар үүнийг маш хөнгөн зүйл заалтаар татаж байна гэж тайлбарласан. Хүн амиа алдчихаад байхад тэд давж заалдсаар байгаад тэнсэн харгалзах ял авч үлдэх магадлал өндөртэй гэж үзэж байна. Энэ хэргийг маш олон хүн мэдэж байгаа. Монголд битгий хэл гадаадад дуулдчихсан хэрэг. Гэтэл мэлзэж байна. Цуг ажилладаг эмийн сангийн эмэгтэй ч өглөө нь хаалгаа онгойлгож орохдоо тогонд цохиулсан байдаг шүү дээ.

-Танай хүүг амиа алдахаас өмнөх өдрүүдэд нь тогонд цохиулсан иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Нэг нь ч гаргаагүй. Тогонд цохиулчихаад дүүргийнхээ хүүхдийн эмнэлэг дээр гар хөлөө боолгож байсан юм билээ. Эргээд тэр хүмүүстэй уулзахад юм хэлдэггүй л юм билээ. Эх хүний хувьд үрээ нүдэн дээрээ алдана гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэрнээс хойш байнга нүдэнд харагдаж унтаж чадахгүй байгаа. Сүүлийн үед сэтгэл зүйн эмчид байнга хандаж байна. Нүдээ анихад л тухайн хэрэг нүдэнд орж ирээд байдаг. Тухайн хэргээс хойш би дөрвөн сар, аав нь найман сар юу ч хийж чадахгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Ажил хийх хүсэл, тэнхээ алдагдаж манайх гэдэг айл санхүү эдийн засаг, эрүүл мэндийн хувьд 360  градусаар эргэсэн. Дүү нь ахыгаа байнга нэхнэ. Гадаа хүүхдүүд дугуй унаж, орилолдож тоглохоор миний хүүгийн дуу гарах ч шиг болох юм. Ойролцоо насны, адилхан царайтай хүүхдүүд харагдахаар үнсэж, тэвэрмээр санагдаад байдаг. Бие хаа эрүүл мөртлөө сэтгэл санааны стресс, нойргүйдлийн асуудал хүндэрч байна.

Түүнээс гадна эмийн сангийн н.Отгончимэг гэх эмэгтэй өөрөө тогонд цохиулж байсан юм бол яагаад энэ хоёр, гурав хоногийн хугацааны турш янзлуулчихаж болоогүй юм бэ гэдэгт гайхаж, одоо хүртэл харамсч явдаг. Энэ эмэгтэй Хөвсгөлд ээжийгээ харж байна гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. 

-Танай хүү эмийн санг хаалттай байхад тогонд цохиулсан уу, ажиллаж байх үед цохиулсан байдаг уу?

-Ажиллаж байх үед цохиулсан байдаг юм. Тухайн үед эмийн сан ч хоолонд орж байгаа гээд гадна хаалгаа онгорхой орхиод гарсан байсан юм билээ. Өөрөө тогонд цохиулаад байсан учраас онгорхой орхисон гэж би үзэж байна. Хэрэв тэр хаалга хаалттай байсан бол миний хүү тогонд цохиулахгүй ч байсан юм бил үү. Шүүх хурлын үеэр н.Ганпүрэвээс тогонд цохиулж байсан эсэхийг нь асуухад “Нэг ч удаа цохиулж байгаагүй” гэж хариулсан. Тэгвэл эмийн сангийн ажилтан эмэгтэй болон хүүхдүүд яагаад тогонд цохиулаад байсан юм бэ. Тэгэхээр Ганпүрэв тогоо дотроосоо салгаж нийлүүлээд байдаг юм уу гэж хардаж байна. 

-Өнөөдөр дахин урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна. Та бүхний зүгээс ямар санал, хүсэлт тавьж орох вэ?

-Өнөөдөр дахиад урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ үеэр бид шүүх хурлаа товло, энэ хэрэгт “Эко шинэс” эмийн сангийн н.Ганпүрэв, “Дэлгэрэх төв”-ийн н.Энхжаргал нар яалт ч үгүй хамаатай хүмүүс гэдгийг хэлнэ. Хамгийн инээдтэй нь миний хүүгийн оршуулгын болон буяны ажлын зардлаас “сая гаруй төгрөг хасаад өг” гэдэг хүсэлтийг н.Ганпүрэв гаргасан байсан. Энэ хүн үр хүүхэдтэй эцэг хүн юм билээ. Хүний үр хүүхэд амь насаараа хохирчихоод байхад яаж тэгж чадаж байна. Биднийг доромжилж, дорд үзэж байгаа гэж харагдсан. Монгол хүн ингэж болох уу. Манай нөхөр бид хоёр бүр дэндүү их тэвчиж байна. Ингэж их тэвчээр гаргахгүй бол галзуурахад ганц хуруу дутуу байна. Эзэн холбогдогч нь тодорхой, бүх зүйл нь ил байхад өнөөдөр хэрэг нэг алхам ч шийдэгдэхгүй байгаа. Ирэх Мягмар гарагт БХБЯ-ны гадаа холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхнэ. Тэгэхгүй бол одоо эзэн холбогдогч байхгүй болж замхрах гэж байна.

-“Дэлгэрэх төв” үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа юу?

-“Эко шинэс” компанийг анх эмэгтэй хүн хариуцаж байсан. Гэтэл одоо түрээслэгч нь эрэгтэй хүн болчихсон. Арваннэгдүгээр хорооллын бүх оршин суугч “Дэлгэрэх төв”-ийн эзнийг н.Норов гуай мөн, дөрвөн давхарт нь оффис нь байдаг гэж хэлдэг. Гэтэл өөрөө би биш гэж хэлдэг юм. Цагдаагийн байгууллага н.Норов биш н.Оюунцэцэг гэх эмэгтэй хүний нэр дээр бий гэж хэлсэн. Хэрэгт холбоотой болоод ирэхээрээ яагаад эмийн сангийн ч, “Дэлгэрэх” төвийн ч эзэд нь өөр өөр хүмүүс болчихсон нь их сонин байсан шүү.