БНХАУ-ын судлаачдын гарган авсан идэвхгүй вакцин амьтдад эсрэг биет үүсгэжээ

БНХАУ-ын судлаачдын гарган авсан идэвхгүй вакцин амьтдад эсрэг биет үүсгэжээ

БНХАУ-ын судлаачдын гарган авсан идэвхгүй вакциныг амьтад дээр туршихад коронавирусийг үүсгэдэг “SARS-CoV-2” коронавирусээс хамгаалах эсрэг биет үүсгэсэн гэж “Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэжээ.

Хятадын Үндэсний биотехнологийн группийн харьяа Бээжин хотын Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн, Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Хятадын Анагаахын шинжлэх ухааны академи болон бусад хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран “BBIBP-CorV” вакциныг гарган авсан байна.

Судлаачдын мэдээлснээр, уг вакцин хулгана, харх, гвиней гахай, туулай болон циномолгус сармагчин, резус-макак сармагчны биед коронавирусээс хамгаалах өндөр концентраци бүхий саармагжуулах эсрэг биет үүсгэжээ. Саармагжуулах эсрэг биет нь өвчин үүсгэгчийг эсэд биологийн нөлөө үзүүлэхээс хамгаалдаг ажээ.

“Уг вакцин өндөр үр дүн үзүүлсэн бөгөөд эмнэлзүйн дараагийн туршилтуудыг явуулна” гэж судалгаанд тэмдэглэжээ. Хятадын Үндэсний биотехнологийн группийн мэдээлснээр, уг вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр авсан байна.

Бээжингийн Биологийн бүтээгдэхүүнийн хүрээлэн вакциныг олноор үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, Бээжинд үйлдвэрлэлийн нэгж байгуулсан бөгөөд үйлдвэрлэлийн ажиллагаа нь эхэлсэн тохиолдолд уг нэгжид жилд 100-120 сая идэвхгүй вакцин үйлдвэрлэх боломжтой ажээ. Хятад улс коронавирусийн таван төрлийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнд идэвхгүй вакцин, рекомбинант уургийн вакцин, аденовирусний вакцин багтаж байгаа юм байна. Одоогийн байдлаар дөрвөн идэвхгүй вакцин, нэг аденовирусний вакцин эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл авчээ.  

“Хятад улс коронавирусийн вакциныг амжилттай гарган авсныхаа дараа дэлхий нийтэд түгээнэ” гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн Ван Жиган өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө