Эмийн сангуудаас мансууруулах үйлчилгээтэй эм, тариа олноороо дутжээ

Эмийн сангуудаас мансууруулах үйлчилгээтэй эм, тариа олноороо дутжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, НМХГ, НПГ хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 эмийн санд шалгалт хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, тайвшруулах үйлчилгээтэй эм тариа олноороо дутсан зөрчил илэрчээ.

Тухайн эмийн сангууд орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хуурамч, хүчингүй, энгийн жороор худалдсан, албан тушаалаа ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн 17, зөрчлийн 76 үйлдэл илрүүлж, холбогдох байгууллагууд шалгаж эхлээд байна.

Энэ шалгалтаар морфин 10, трамдол 63, фенобарбитал зургаан ширхэг дутсан бол жоргүйгээр трамдол 2205, алпразолам 570, диазепам 243, хуурамч жороор трамдол 3503, алпразолам 33 ширхгийг олгосныг илрүүлсэн аж.

Нэлээд хэдэн жилийн өмнө мөн ийм шалгалт хийхэд эм үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд сэтгэцэд нөлөөт эмийг хууль зөрчин борлуулж байсан нь илэрч, томоохон нэг бус компанийн удирдлагыг эрүүгийн хэргийн яллагдагчаар татаж байсан билээ.

Тэгвэл энэ сард хийсэн шалгалтаар эмийн сангуудын эм баригч, түгээгч нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хадгалж, худалддаг тогтолцоо замбараагүй хэвээрээ, хууль, журам, стандартаа дагаж мөрддөггүй, сэтгэцэд нөлөөт эмийн жорын нууцлал хангалтгүй, дуурайлган хийх боломжтой, эмийн сангийн ажилчдын хууль, эрх зүйн мэдлэг муу гэдгийг хууль сахиулах байгууллагынхан шүүмжилж байна.

Тиймээс илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад Хар тамхитай тэмцэх газар, НПГ-аас мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.