“Бизнес эрхлэгчдийн нэгдэл”  фэйсбүүк группээс хөл хориог цуцалж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг шаардлаа

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фэйсбүүк группээс хөл хориог цуцалж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг шаардлаа

Бизнес эрхлэгчдийн  нэгдэл Фэйсбүүк группийн зүгээс мэдээлэл хийлээ.

Тэд цар тахлын үед үүссэн эдийн засгийн хямралын нөлөөг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжихийг тусгасан 5 зүйл бүхий шаардлагыг ЗГ хийгээд УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Уг 5 шаардлагыг эргэн сануулбал:

Нэгд: Жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудын НӨАТ-ыг 100 сая төгрөгөөр чөлөөлөх,

Хоёрт: Жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудад НДШ-ийг 50 сая төгрөгөөр чөлөөлөх,

Гуравт: Жилийн 3 хувийн хүүтэй 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай НДШ-ээр баталгаажуулсан 500 сая төгрөг хүртэлх барьцаагүй цалин хөлсний зориулалттай шинэ бизнесийн зээл ААН байгууллагуудад олгох,

Дөрөвт: 2020 он дуустал нийт ААН байгууллагуудын НДШ, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар болон банк болон банк бус байгууллагуудын зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр байгууллагын данс хааж битүүмжлэхгүй байх

Тавд: Банкны зээлийн хүүг жилийн 8 хувийн хүүтэй, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг жилийн 12 хувийн хүүтэй болгож одоогийн хувь хэмжээг бууруулж өөрчлөлт оруулах.

Гэтэл дээрх таван зүйл бүхий шаардлагыг гардан авсан эрх баригчид харин дорвитой ажил хийж, асуудлыг шийдвэрлээгүй байна. Цар тахлын үеийн хөл хорио нэрийн дор бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хааж, үйл ажиллагааг нь тасалдуулсан хэвээр байгаа хирнээ улс төрийн намууд нь сонгуулийн сурталчилгаа хийн, иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаад Бизнес эрхлэгчдийн нэгдлийн 6000 гаруй гишүүд гомдолтой байна гэж хэллээ. 

Хөл хорио тогтоогоод бараг хагас жилийн нүүр үзэж байхад  ЭРХ БАРИГЧИД бизнес эрхлэгчдийг ширээний ард суун, хэлцэл хийж, шийдэл ярья гэж дуудаагүйд тэд бухимдаж, хөл хориог цуцлахыг шаардаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэд энэ хугацаанд БИЗНЕСЭЭ АВРАХЫГ ХҮССЭН 20,000 мянган иргэний гарын үсгийг ч цуглуулаад амжжээ.

Хувийн бизнестэй хэн бүхний эрх ашгийн өмнөөс  тууштай дуугарч, төр засаг, эрх мэдэлтнүүдийн эсрэг тэмцэж байгаа БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДЭЛ фэйсбүүк группийн зүгээс цар тахлын үед үүссэн эдийн засгийн хямралын нөлөөг бууруулахын тулд хөл хориог цуцалж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихийг ЗГ-аас дахин шаардаж байгаагаа энэхүү хэвлэлийн хурлаараа илэрхийллээ.