Дарханы замыг буцаагаад нээжээ

Дарханы замыг буцаагаад нээжээ

Энэ сарын 17-ны өдрөөс Улаанбаатар Дарханы чиглэлийн 204.11 км замыг хааж засварын ажлыг эхлүүлсэн.

Зам засварын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцож тууз хайчлан сүр дуулиантай үйл явдал болсон.

Тэгвэл уг үйл явдал болоод долоо ч хоноогүй байтал уг замыг эргүүлэн нээсэн байна. Учир нь Дарханы зам дагуу гаргасан түр зам нь ачааллаа дийлэхээ больж түгжрэл үүсэх түүнээс үүдэлтэй иргэдийн бухимдал нэмэгдэж урсгал сөрөх замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь ихэссэн байна. Үүнээс үүдэлтэй осол аваар ихсэх магадлалтай байгаа учраас   буцаагаад хэсэгчлэн нээсэн талаар иргэд ярьж байна. Тухайлбал, өчигдөр Дарханаас Улаанбаатар руу ирсэн зорчигчид түр замаар бус  хуучин засмал замаар явж иржээ. 

Дөрвөн эгнээтэй болох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна гэж албаныхан мэдэгдээд байгаа билээ.

Үлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавихаар төлөвлөөд байгаа юм.