Т.Наранбаатар: Тэр эмэгтэйг жирэмсэн гэж эхэндээ мэдээгүй

Т.Наранбаатар: Тэр эмэгтэйг жирэмсэн гэж эхэндээ мэдээгүй

Өнгөрсөн мягмар гарагт таксинд давхар биетэй эмэгтэйг эх барьсан талаар гэгээлэг мэдээ цахим орчинд тархсан. Сайхан үйл хийж хоёр хүний амь аварсан таксины жолооч Т.Наранбаатартай ярилцахаар Баянхошууны эцэст байрлах гэрийг нь зорилоо. “Өнөөдөр ч ачаалал ихтэй байна шүү.  Гурван телевиз ирээд явлаа” гэсээр биднийг угтсан тэрээр таван хүүхдийн эцэг, есөн хүүхдийн өвөө юм байна. 26 настай Б.Ариунаа эмэгтэйг санамсаргүй тохиолдлоор эх барьж авсан талаар нь цахим орчинд ихээхэн хандалт авч олон сайхан сэтгэгдэл авсанд түүний гэр бүлийнхэн нь тун ч баяртай байлаа.

-ЭМЭГТЭЙГ ТҮРГЭНИЙ МАШИНД СУУЛГААД ХАМГИЙН
ТҮРҮҮНД ЭХНЭРТЭЭ ХЭЛЖЭЭ-

Амьдрал тохиох ховорхон буянтай үйлийг хийсэн тэрээр энэ талаар хамгийн эхэнд эхнэртээ хэлжээ. Түүний эхнэр Н.Байгалмаа хэлэхдээ “ Гэнэтхэн залгаад машиндаа хүн  төрүүллээ гэхээр нь үнэхээр гайхсан. Эхэндээ ойлгоогүй. Ямартай ч эх хүүхэд эсэн мэнд гэдгийг сонсоод баярласан. Тэгээд гэртээ ирэхэд нь л итгэх шиг болсон доо” гэв. Бид тухайн өдөр болсон сонин содон явдлын талаар ярилцлаа.

-Тухайн өдөр та хаанаас хаа хүрч явсан бэ. Хэдэн цагийн үед эмэгтэйтэй таарсан бэ?

-Орой 20 цагийн үед би ажлаа тарчхаад ганц хоёр хүн аваад л явж байсан юм. Ах нь дотуур байрны жижүүр хийдэг юм. Тэр өдөр гэмтлийн эмнэлгийн  хавьцаа зогсож байтал нэг эмэгтэй газарт суучихсан байхаар нь эхлээд согтуу юм болов уу гэж бодтол нэг залуу ирээд “Зүрх уул руу явах гэсэн юм. Өвчтэй хүн байна” гэж хэлсэн. Тэгээд л аваад явсан даа.

-Та эхэндээ жирэмсэн гэдгийг нь мэдээгүй гэсэн үү. Хэдэн цагийн үед төрсөн бэ?

-Би ч мэдээгүй хамт явсан ажлын хүн нь ч мэдээгүй байсан. Жаахан явж байгаад л нуруу өвдөөд байна гээд байсан юм. Тэгээд арай жирэмсэн юм биш биздээ гээд л асуусан. 21 цаг орчимд л төрсөн байх. Яг төрөх болсон чинь хамт явсан залуу нь хувхай цайчихсан юу ч хийж чадахгүй гацчихаар нь за би л туслах хэрэгтэй юм байна гээд эх барьсан. Дэнжийн 1000-аас Хайлааст руу даваад айлын хашааны хажууд төрсөн.

-Эмэгтэй төрөх хугацаа болсноо мэдээгүй байсан хэрэг үү?

-Уг нь тэр өдөр товлосон өдөр нь байсан юм билээ. Гэхдээ барилга дээр ажиллаад л бодвол хугацаа нь арай удна гэж бодсон байх. Өчигдөр эмнэлэгт очиж уулзсан. Эх хүүхдийн бие сайн байна лээ.

-Та хүйг нь өөрөө хайчилсан гэсэн. Тэр талаар яаж мэдсэн юм бэ?

-Ахад нь хайч байгаагүй учраас хэрэг болно гээд авч явдаг жижигхэн цаасны хутгаар хүйг нь тасалсан. Дээх нь үед хөдөөний хүмүүс, манай ээж хүйг нь богино тасалж болохгүй гээд ярьдаг байсныг сонссон юм. Эмч нар "Сайн байна та" гэж хэлсэн. 

-ХҮМҮҮС НАМАЙГ СОГТУУ ЮМ УУ ГЭСЭН-

-Хэр их сандарч тэвдсэн бэ. Бүхэл бүтэн хүнд амьдрал бэлэглэлээ шүү дээ.

Сандарч тэвдсэн ч за ингэх л ёстой юм байна гээд бүх зүйлийг хяналтдаа авсан. Эх барьж авчхаад эмнэлэг явах гэсэн ч түгжээтэй байсан учраас түргэн рүү залгаад замдаа уулзахаар болсон. Автобусны буудал дээр түргэний машин хүлээж байхдаа сандраад хүмүүст хэлэхэд согтуу юм уу гэж байсан. Харин түргэн ирэхэд хүмүүс миний зургийг авч цахим орчинд тавьсан байна лээ.

Хүний амь аварсандаа их бэлэгшээж байна

-Таксинд явж байхад сонирхолтой зүйл их тохиолддог уу?

-Би ажлаа тараад л хэд гурав тойрдог юм. Нэг их явдаггүй. Согтуу хөлчүү хүмүүс таарна. Гэхдээ ийм зүйл өмнө нь огт тохиож байгаагүй.

-Таван хүүхэд, есөн ач зээтэй гэхээр хүүхэдтэй их ойр байдаг уу?

-Яг үнэндээ би нялх хүүхэдтэй ер ойртдоггүй хүн. Нэг ой хүрсэн хойно нь л хүрдэг төрлийн хүн байлаа. Бурхан цаанаасаа зохицуулж байгаа юм байлгүй ийм зүйл тохиолдлоо. Нялх хүүхэд чинь үнэхээр хөөрхөн юм байна лээ. Би ганц л охин зээтэй бусад нь хүү. Одоо ингээд хоёр охин зээтэй боллоо доо.

“АНХ ЭХ БАРИАД ХҮҮ ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч ОХИН БАЙСАН”

-Төрсөн эмэгтэйтэй холбоотой байгаа юу. Очиж уулзахад юу хэлэв?

-Таныг байгаагүй бол би гудманд л төрөх байж гээд уйлаад байсан. Төрөх болчхоод барилга дээр ажиллаж байсныг нь гайхаж бас бага зэрэг өрөвдсөн.

-Таны талаар цахим орчинд нэлээд их мэдээлэл тархсан. Энд тэндээс хүмүүс холбогдсон уу?

-Өө тийм. Ажлынхан, хамаатнууд, Солонгост байгаа хүү маань хүртэл мэдээд өчигдрөөс хойш утас тасралтгүй дуугарч байна даа. Хүүхдүүд маань та фейсбүүкийн од боллоо гээд л байгаа.

Гэртээ ирээд хамгийн түрүүнд машинаа угаасан

-ЭЕРЭГ СЭТГЭГДЭЛ УНШИЖ САЙХАН ЭНЕРГИ
ЦУГЛУУЛЖ БАЙНА-

Түүний охин Н.Наранцацрал аавынхаа талаар сонсоод эхэндээ итгээгүй ч цахим орчинд тавигдсан мэдээллийг хараад итгэсэн талаараа бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр “ Авын маань хийсэн үйлд маш олон хүн сайхан ерөөл дэвшүүлсэн. Эерэг сэтгэгдлүүдийг шөнө хоёр цаг хүртэл уншиж сайхан энерги цуглуулсан. Үнэхээр сайхан баяртай үйл явдал тохиолоо. Ааваараа бахархаж байна” гэсэн юм.