Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Ёон Чул өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ

Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Ёон Чул өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ

Хоёр Солонгосын харилцаа эрс муудсантай холбоотойгоор Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Ёон Чул өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

Тэрбээр “Өмнөд, Умард Солонгосын харилцаа муудсаны хариуцлагыг би өөртөө хүлээж, огцрох шийдвэр гаргалаа. Энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн хүлээж байсан ард түмнийхээ итгэлийг алдсандаа би харамсаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрчимтэй муудаж, Пёньяны эрх баригчид хилийн ойролцоо байрладаг хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн бол хоёр улсын хил рүү цэрэг, зэвсэг илгээж, хүчээ зузаатгахаа мэдэгдээд байна. Харилцаа муудах болсон гол шалтгаан нь хүний эрхийг хамгаалагчид, Умардын дүрвэгчид Пёньяны дэглэмийн эсрэг суртал ухуулгын материалуудыг агаарын бөмбөлөгт зүүж, хил давуулдаг явдалтай холбоотой. Умард Солонгосын тал энэ үзэгдлийг зогсоохыг Өмнөдийн эрх баригчдаас удаа дараа шаардаж байв. Ким Ёон Чул хоёр орны харилцааг муудахаас сэргийлж чадаагүй, хэтэрхий удаан ажилласан гэж шүүмжлүүлж байгаа.

Хоёр Солонгосын удирдагчид 2018 оны хавар уулзахдаа хилийн дагуу байрласан харуулын цэгүүдээ цөөрүүлэх, цэрэг, зэвсгээ татах тохиролцоо хийсэн нь ийнхүү цуцлагдаж байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар яриа хэлэлцээ хийх элч төлөөлөгч илгээх санал гаргасныг Умардын тал хүлээж аваагүй юм. Одоо хоёр улсын харилцааг сэргээх ганц арга нь Сөүлийн эрх баригчид Вашингтоны засаг захиргаатай "Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар ярилцах" гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө