Японы Хууль зүйн сайдыг эхнэрийн хамт баривчлах хүсэлт гаргажээ

Японы Хууль зүйн сайдыг эхнэрийн хамт баривчлах хүсэлт гаргажээ

Японы Прокурорын газраас тус улсын Хууль зүйн сайд асан Кацуюки Каваи, түүний эхнэр Анри Каваи нарыг баривчлах хүсэлт гаргажээ. “Kyodo” агентлагийн мэдээлснээр, тэднийг өнөөдөр баривчлан саатуулах аж. Эхнэр нөхөр хоёрыг сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдод хахууль өгөгх замаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

Каваи өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулийн үеэр парламентын дээд танхимд нэр дэвшин өрсөлдсөн эхнэрийнхээ сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулсан гэж мөрдөн байцаагчид дүгнэжээ. Сайд асан Хирошима мужийн тойргийн сонгогчдод нийтдээ 24 сая иенийг /224 мянган ам.доллар/ бэлнээр тараасан байна. Мөн орон нутгийн удирдлагын төлөөлөгчдөд мөнгө шилжүүлжээ

Мөрдөн байцаалтын дүгнэлтээс үзэхэд Анри Каваи 1.5 сая иенийг /14 мянган ам.доллар/ ижил зорилгоор зарцуулсан байна. Байцаалтын үеэр 100 орчим хүн авлига авсан гэж мэдэгджээ. Эхнэр, нөхөр хоёул өнгөрсөн жилийн сонгуульд ялж, парламентын дээд танхимын депутатаар сонгогдсон байна. Тэд хуульд харшлах аливаа үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдэж байгаа аж. Улстөрчид энэ долоо хоногт эрх баригч Либерал-Ардчилсан намын эгнээнээс гарсан боловч парламентын гишүүн хэвээр үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэдэнд халдашгүй дархан эрх олгосон парламентын чуулган зургадугаар сарын 17-нд хаагдсан бөгөөд энэ нь Прокурорт баривчлах ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм.

Каваин эхнэр сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуулийн штабынхаа хөрөнгө мөнгийг буруугаар ашиглах замаар хууль зөрчсөн гэх мэдээлэл долоо хоног тутмын нэгэн сонинд гарсны дараа тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр Хууль зүйн сайдын албан тушаалаас огцорчээ. Каваи Японы Ерөнхий сайд Абэ Шинзод ойр улстөрчдийн нэгд тооцогддог байсан бөгөөд  түүнд хэрэг үүсгэн шалгах нь Ерөнхий сайдын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө