2021 оноос өмнө коронавирусийн вакцины эхний хэсэг бэлэн болох талаар ДЭМБ мэдээллээ

2021 оноос өмнө коронавирусийн вакцины эхний хэсэг бэлэн болох талаар ДЭМБ мэдээллээ

Энэ оны сүүлээр коронавирусийн халдвараас хамгаалах хоёр зуун сая тун вакцин бэлэн болох төлөвтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Цаашлаад 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болно гэж мөн тооцоолсон байна.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 200 гаруй төсөл хэрэгжиж байгаагийн 10 орчим нь хүн дээр хийх туршилтаа эхлүүлснийг ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан мэдэгджээ. “Хэрвээ биднийг аз ивээвэл он дуусахаас өмнө нэгээс хоёр төслийн вакцин бэлэн болно” гэж тэр онлайн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ёстой гурван бүлгийг ДЭМБ тодорхойлоод байгааг Сваминатан бас мэдэгджээ.

Үүнд:

  • цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмнэлэг, цагдаагийн ажилтнууд
  • өвчлөлд эмзэг хэсэг буюу өндөр настнууд, чихрийн шижинтэй хүмүүс
  • халдвар авах өндөр магадлалтай хэсэг буюу хотын ядуус, асрамжийн газрын үйлчлүүлэгчид гэж хуваажээ

Өнгөрсөн сарын сүүлээр томоохон эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд хэлэхдээ 2021 оноос өмнө эхний ээлжийн вакцин бэлэн болох боломжтой ч коронавирусийг бүрэн дарахын тулд 15 тэрбум тун вакцин хэрэгтэйг сануулж байв.