“Дубайдсан нь” гэх гүтгэлгийн хариуд...

“Дубайдсан нь” гэх гүтгэлгийн хариуд...

Сөрөг хүчин, өрсөлдөгчдийн зүгээс “Дубайдсан” гэх ор үндэсгүй гүтгэлэг хийж байна. Энэ гүтгэлэг сонгууль дуустал үргэлжлэх нь тодорхой болохоор, сонгогчдоо үнэн бодитой мэдээллээр хангах нь нэр дэвшигчийн үүрэг учраас Дарханыхаа нийт сонгогчдод бодит байдлыг энгийн үгээр тайлбарлахаар шийдлээ.

-Оюу толгойн асуудал яагаад Дубайд яригдав?

-Оюу толгой төсөл ил, далд гэсэн хоёр уурхайтай. Ил уурхай нь одоо ажиллаж байгаа. Далд уурхайнх нь бүтээн байгуулалт үргэлжилж байна. Ордын нийт нөөцийн 20-хон хувийг ил уурхайгаас авах бол, 80 хувийг нь далд уурхай ажиллуулж байж ашиглана. Өөрөөр хэлбэл далд уурхайг барьж ажиллуулж байж Оюутолгойгоос их хэмжээний ам.доллар олох боломж бүрдэнэ. Татварын гэх мэт маргаан, үйл ойлголцлуудаас болж Монголын Засгийн газар, Оюу толгой компанийн хооронд үл ойлголцол үүсч, энэ төсөлд хөрөнгө оруулж байсан “Рио Тинто” санхүүжилтээ зогсоож байсан юм. Монгол Улсын төсвийн орлогын бараг 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг төсөл хоёр жил таг шахуу зогсчихоор ямар олиг байхав. 2013 онд Оюу толгойн хөрөнгө оруулалт бүрэн зогсч төсвийн байгууллагынхан цалингаа авч чадахгүйд хүрч, Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн 20 мянган төгрөгөө ч өгч хүчрэхээ байтлаа хэцүүдсэний цаад шалтгаан нь ердөө л энэ. Даарин дээр давс гэгчээр нүүрс, зэсийн үнэ түүхэнд байгаагүй доошоо унаж, байдал бүр хэцүүдсэнийг сонгогч та санаж байгаа байх. Эрх баригчид сандралдахаас аргагүй нөхцөл тэр үед үүссэн юм. Ямар сайндаа л УИХ яаран сандран хоёр тогтоол гаргаж Оюу толгойн асуудлыг цаг алдалгүй шийдэх үүрэг өгөхөв дээ. Засгийн газар ч тогтоолын дагуу хуралдаж шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргасан хүн нь тухайн үед Монгол улсын Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг ба түүний Засгийн газрын гишүүд. Оюу толгой санхүүжилтээ зогсоогоод хоёр жил болсон хойно, улсаараа хэцүүдэхийн даваан дээр 2015 онд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргасан юм.

-Дубайд уулзсан нь зориудын төлөвлөгөө байсан уу?

-Дубайд асуудлыг шийдсэн нь зориудын төлөвлөсөн ажиллагаа биш байсныг бас онцолъё. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал урьдаас төлөвлөгдсөн байдаг. Бараг жилийн өмнө аль улсад хэн айлчлах нь тодорхой болсон байдаг юм. Яг тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд Дубайд айлчлах хуваарьтай байж таарч, гадаад талын хөрөнгө оруулагчидтай ярилцаж замынхаа дундаа уулзъя гэсэн шийдвэрт хүрээд л Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд (ОТДУСТ) гарын үсэг зурах ажиллагаа Дубайд болчихсон хэрэг. Би тэр үед “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын хувиар төлөвлөгөөг батлах ажилд оролцож байлаа. УИХ-ын хоёр ч тогтоол, Монголын Улсын Ерөнхий сайдын гаргасан албан ёсны шийдвэрийг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэсэн үг. Захирлынхаа гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй гэж гөждөг компанийн ажилтан байдаггүйтэй л агаар нэг үйл явдал болсон юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай бичиж, ярих болсон нэг өнцгийг эрхэм сонгогч танд энэ дашрамд дуулгамаар санагдаж байна. Сэтгүүлчид “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн шүүмжлэлийг удаа дараа хэлж, ийм сэдвийг хөндсөн нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлагыг нийгэмд хүргэх болсныг сонгогч та ч анзаарсан байж магадгүй. Ажлаа хийснийхээ, Монголдоо ашигтай тохиролцоо хийх гэж цаг наргүй зүтгэснийхээ төлөө, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг биелүүлж ажилласныхаа төлөө шүүхийн хаалга татаж яваа болохоор тэр үү, сэтгүүлчдийн онцолж “Дубайдсан нь” гэх гүтгэлгийн хариуд... эхэлсэн энэ шүүмжлэл үнэний ортой санагдах боллоо.

-Дубайн төлөвлөгөө гэрээ мөн үү?

-Юуны өмнө Дубайн гэрээ гэж хаана ч байхгүйг онцолъё. Дубайн гэрээ биш Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө юм. Бүр тодруулж хэлбэл энэ төлөвлөгөө ямар нэг зээл ч юм уу барьцааны гэрээ биш. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх зарчмаа л тохирсон гэж ойлгож болно. Түүнээс биш энэ төлөвлөгөөгөөр ямар нэгэн зээл аваагүй. Харин зайлшгүй авахаас аргагүй зээлийг хэрхэн яаж авах зарчмаа л тохирсон юм. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах зээл санхүүжилтыг одоогоос арван жилийн өмнө Засгийн газар хэлэлцэж эхэлснийг сонгогч танд дуулгах нь зүйтэй байх. Хөрөнгө оруулалтын гэрээг зээл хэлбэрээр хийхийг Монгол Улсын хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид хуулиа л барьсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсаны дараа Монголд хэчнээн ам.долларын санхүүжилт орж ирэх боломж бүрдсэнийг одоо танд хэлье. Олон улсын нэр хүнд бүхий 20 орчим банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4-6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах боломж нээгдсэн юм. Үүнээс хойш Оюу толгой компани жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулж эхэлсэн, одоо ч тэр хөрөнгө оруулалт нь үргэлжилж байгаа.

-Далд уурхайн санхүүжилт үргэлжлээгүй бол доллар хэд болж өсөх байв?

-Хэрэв тэр үед жилд дор хаяж нэг тэрбум ам.доллар Оюу толгой төслөөр дамжиж Монголд орж ирж эхлэх нөхцөл бүрдээгүй бол өнөөдөр америк долларын ханш наад зах нь 5000 төгрөгтэй тэнцэх байсан. Ямар ч эдийн засагчаас асуусан ийм хариулт өгдөг юм. Доллар 5000 төгрөг болчихвол өнөөдөр 1500 төгрөгөөр авч байгаа талх 3000 төгрөг болох байлаа. Дээр нь коронавирусийн цар тахал гэж хэцүү явдал тохиосон. Дарханы иргэдийн амьжиргаа илт муудсаныг дээр дооргүй мэдэрч байгаа. Хэрвээ тэр үед Оюу толгойн санхүүжилт шийдэгдээгүй бол дарханчуудын амьдрал өнөөдөр яаж уруудчихсан байхыг төсөөлөхөд ч хэцүү санагдаж байна.

-Монголд ашигтай ямар тохиролцоо хийв?

-Тухайн үед би “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын хувиар айлчлалын багт багтсан гэж өмнө хэлсэн дээ. Манай компани Оюу толгой төсөлд монгол ажилчдыг олноор нь ажиллуулах, тэр дундаа инженер гэх мэт өндөр цалинтай орон тоон дээр монголчуудын тоог өсгөх, монгол компаниудаас авах худалдан авалтыг огцом нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байсан юм. Хөрөнгө оруулагч гадны компани Оюу толгой төслийг удирдсаныхаа төлөө их хэмжээний мөнгө авдаг байсныг мэдэх хүн цөөн байх. Тэдний авдаг их мөнгийг багасгах хүсэл ч бидэнд байсан. Эцэст нь бид санасан бүхнээ ажил болгож чадсан. Одоо Оюу толгойд ажиллагсдын 95 хувь нь монголчууд. Тэдний дотор Дарханы залуус ч олон бий. Өнөөдөр монгол компаниуд Оюу толгой төслийн ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэж байна. Үүн дотор Дарханы компаниуд ч байгаа. Өөрөөр хэлбэл Монголын жирийн иргэн, жирийн компанийн Оюу толгойгоос хүртэх ашгийг нэмэх үндсийг нь бид тэр үед, Дубайд тавьсан юм. Дубайд баталсан төлөвлөгөө интернэтэд бүрэн эхээрээ бий. Тэр төлөвлөгөөний 2.2.Б-р заалтыг та тогтож хараарай. Өмнө нь хэзээ ч баталгаажаагүй байсан Монгол улсын хүртэх өгөөжийг 53-аас дээш хувь байх ёстойг тэр заалтаар баталгаажуулсан юм. Түрүүн хэлсэн дээ, төсөл удирдсаныхаа төлөө гадаадын хөрөнгө оруулагч компанийн авдаг байсан мөнгийг багасгасан гэж. Тэгж багасгасан учраас бид жилд дор хаяж 10 сая ам.долларыг Оюу толгойн төслөөс Монголдоо авч үлдэж чадаж байгаа (ОТДУСТ 4.3-р заалтыг хараарай). Төгрөгт шилжүүлбэл хорь гаруй тэрбум төгрөг. Жил бүр хорин сургууль барих мөнгө авч үлдэх боломжийг Дубайн төлөвлөгөөгөөр бий болгосон юм. Төсөл хэрэгжих нийт хугацаанд авч үлдэх мөнгөө тооцвол дор хаяж нэг тэрбум ам.доллар. Хэдэн сургууль барих мөнгө вэ гэдгийг сонгогч та өөрөө тооцоод үзээрэй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тойрсон маргаан олон жил үргэлжилж байсныг эцэслэж шийдсэн газар нь мөн л Дубай. Тэр маргаанд цэг тавьж чадсан болохоор Монгол улс дор хаяж 810 сая ам.долларын нэмэлт орлогыг нөөц ашигласны төлбөр хэлбэрээр авах боломж бүрдсэн юм. Дубайд баталсан төлөвлөгөөний 8.3-т Монгол улсын хууль тогтоомжоос гажихгүй, хуулийг ягштал барина гэсэн утгатай заалт бий. Энгийнээр тайлбарлавал Дубайд баталсан төлөвлөгөөнд туссан бүх тохиролцоо Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдсэн гэсэн үг.

Таныг гүнээ хүндэтгэсэн, УИХ-ын 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч
Баянжаргалын Бямбасайхан