Цагдан хоригдсон нэр дэвшигчдийн асуудлаар шүүхээс мэдэгдэл гаргалаа

Цагдан хоригдсон нэр дэвшигчдийн асуудлаар шүүхээс мэдэгдэл гаргалаа

Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон авлигын хэргийн явцад гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд бодит бус мэдээлэл түгээж, улс төржүүлж байгаа учраас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-уудыг хуульчлан заасан. Хуульд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн байхаас үл хамаарч бусдаас давуу эрх эдлэх тухай үндэслэл огт тусгагдаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн байсан, ээлжит сонгуульд нэр дэвшсэн, гишүүн болсон аль ч тохиолдол нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөх үндэслэл болохгүй, энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдож, уг ажиллагааны журмыг өөр хуулиар тогтоож болохгүйг хатуу хуульчилсан тул төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэх нэр бүхий шүүгдэгч нар Монгол Улсын бусад иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрх, үүрэгтэй байх ёстой.

Улсын Их Хурлын тухай хуулийн “гишүүний бүрэн эрхийн баталгаа”, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтад шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах, таслан зогсоох нэг ч заалт тусгагдаагүй байгаа нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн Хуулийн зарчимд нийцэж байгаа болно. Иймээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон авч хэрэглэх, өөрчлөн тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”,”орон байр, албан тасалгаа, тээврийн хзрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.” тодорхойлжээ. Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна. Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид “урьд эхэлсэн ажиллагаа”-ндаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй.

Мөн халдашгүй дархан байх статусыг УИХ-ын гишүүнд хувь хүнийх нь хувьд бусдаас давуу эрх эдлүүлэхэд бус, парламентын гишүүнийх нь хувьд албаны эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх зорилгоор баталгаажуулж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй нь иргэд хуулийн өмнө эрх тэгш байх ардчилалын зарчимд суурилсан байдагт оршдог.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг удирдлага болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг юм.

Шүүх, шүүгчийн үндсэн чиг үүрэг нь шударгаар зөв эсхүл бурууг тогтоох ажиллагааг шуурхай бөгөөд шударга явуулахад чиглэсэн байдаг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд “Барьцааг мөнгөн хэлбэрээр авах, барьцааг өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргах, барьцааны хэмжээг холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтоох”-оор хуульчилсан. Зарим шүүгдэгчид нь удаа дараа гэм бурууг нь дэнслэх шүүхийн хууль ёсны үйл ажиллагааг тасалдуулж, хүндэтгэлгүй хандаж, таслан сэргийлэх арга хэмжээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн шат дараалан хүндрүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны эцэст цагдан хоригдсон болно. Барьцааны мөнгөний хэмжээ нь төрийн өндөр албан тушаалтны холбогдсон гэмт хэргийн шинж чанар, аюулынх нь хэр хэмжээтэй хамааралтай юм.

“Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг Монгол Улс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусган бэхжүүлж, хэм хэмжээ тогтоосныг шүүгч бүр чанд мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд хэн ч хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хуулиар хатуу хориглосон. Гэтэл зарим улс төрийн хүчин, байгууллага, улс төрчид, хувь хүний зүгээс нэр бүхий шүүгдэгч нарыг бусдаас онцгой бүрэн эрхтэй мэтээр мэдэгдэл, шаардлага гаргаж, шүүгчийг хариуцлагад татахыг уриалж байгаа нь шүүх, шүүгчид нөлөөлөх хууль бус оролдлого юм. Иймд шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, олон нийтэд илт буруу ойлголт төрүүлэх, оролдлого гаргаж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Хэрэв шүүгчийн итгэл үнэмшил, шийдвэрт нөлөөлөх, нөлөөлсөн аливаа оролдлого гарсан тохиолдолд хэн байхаас үл хамааран хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүгээр мэдэгдье.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ