Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй

Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Бат-Үүл Улаанбаатар хотод ирж, ардчиллын анхдагч гишүүдийнхээ хамтаар С.Зориг агсны хөшөөн дээр мэдээлэл хийж, эсэргүүцэл илэрхийллээ.

Тэд мөн нэр дэвшигчдийг суллахыг шаардаж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ.

Нэр дэвшигч Э.Бат-Үүл хэлэхдээ "Ардчиллын анхдагчид бид өнөөдөр энд цугларч байгаа шалтгаан нь зургадугаар сарын 24 нд болох сонгууль чөлөөт ардчилсан сонгууль болохгүй нь. Энэ сонгууль дарангуйлагчийг хууль ёсны мэт болгож харагдуулах гэсэн хулхи сонгууль болох гэж байна. Энэ бүхэн АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсноор тод илэрлээ. Өнөөдөр Монгол Улсын шүүх МАН-ын шүүх болсон байна. Ард түмэн Засгийн эрх барих дээд эрх рүү шүүх халдлаа. 1990 оны ардчиллаар олж авсан хамгийн дээд эрх бол энэ. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр бусад бүх эрх урган гардаг. Гэтэл энэ эрхийг Дээд шүүх нулимж дэвслээ. Шүүх Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Ер нь Монголын шүүхэд хуулиа мэддэг шүүгч байгаа эсэхэд эргэлзэхэд хүрлээ. Монгол Улсын шүүх МАН-ын шүүх болсныг эсэргүүцэж өнөөдөр цугларч байна.

Энэ сонгууль бол хүч хэрэглэсэн, хууль бус сонгууль болох гэж байна. 48 цагийн дотор гурван нэр дэвшигчийг суллахгүй бол ядахдаа сонгуулийн сүүлийн өдөр тэднийг үг хэлэх боломжийг сонгогчдод нь олгохгүй бол сонгуулийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Хууль бусаар Засгийн эрх мэдлийг булаан авч, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болно. Хэрэв тэднийг 48 цагийн дотор суллахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт орно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн 48 цагийн дотор гурван нэр дэвшигчийг суллахгүй бол бид сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэдгээ хэлэх ёстой. Ядаж сүүлийн мөчид сонгогчидтой нь уулзуулах ёстой. Хэрвээ суллахгүй бол энэ хууль бус сонгууль шүү. Ард түмний сонгох эрхийг хангаагүй ийм сонгуулийг зөвшөөрөхгүй. Дарангуйллын хулхи сонгуулийг зөвшөөрч болохгүй учраас ард түмэнд зарлаж байна. Бид 1990 оны ардчилсан хувьсгалаа доромжлуулахгүй. Энэ улс орныг дарангуйлал руу оруулахыг ардчиллын анхдагчид зөвшөөрөхгүй гэсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: