Биологийн гаралтай материалаар хийсэн тунгалаг маск 2021 онд хэрэглээнд нэвтэрнэ

Биологийн гаралтай материалаар хийсэн тунгалаг маск 2021 онд хэрэглээнд нэвтэрнэ

Байгаль орчинд ээлтэй, тунгалаг маск зохион бүтээгч Швейцарийн HMCARE старт-ап компани 1 сая долларын санхүүжилт босгосноо мэдэгдлээ.

Тус компанийг үүсгэн байгуулагчид 2015 оны эбола халдварт өвчин дэгдэлтийн үеэр үүссэн хүндрэлийг харж, улмаар хүний царайг халхалдаггүй тунгалаг маск зохион бүтээхээр шийджээ. Тухайн үед хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан эрүүл мэндийн ажилтнууд царайгаа бүрэн харуулж, өвчтөнүүддээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх боломжгүй байсныг тэд анзаарсан аж. 

Шил, хуванцраар хийсэн олон төрлийн маск байдаг ч эдгээр нь тус бүрдээ сул талтай учраас тус компани биомасс буюу биологийн гаралтай материалаас тунгалаг утас гарган авчээ.

Улмаар гурван давхарга бүхий маск бүтээж үүнийгээ HelloMask гэж нэрлэжээ. Ихэнх маскны вирус, бактериас хамгаалах чадвар нэмэгдэхийн хэрээр амьсгалахад төвөгтэй болдог. Тэгвэл уг тунгалаг маск нь хамгаалалтын хэрэгслийн өндөр шаардлагыг хангаад зогсохгүй амьсгалахад ямар ч саад учруулдаггүй, уян хатан гэдгээрээ онцлог юм байна. 

HMCARE компани HelloMask-ийг 2021 оны эхээр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүрээнд хэрэглэгдэж, цаашлаад олон нийтэд хүртээмжтэй болох гэнэ.