ТОМИЛОЛТ: Өглөөний гүйлтдээ илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлдэг “+300” клубийнхэнтэй танилцлаа

ТОМИЛОЛТ: Өглөөний гүйлтдээ илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлдэг “+300” клубийнхэнтэй танилцлаа

Үүрийн таван цаг. Увс аймаг Улаангом хот. Сонгуулийн шоу, коронавирусийн дуулианаас ангид шувуудын жиргээнээс өөр аниргүй үүрийн жингээр олон залуус Цэдэнбал даргын талбайд цуглан “Гашууны гол” хэмээн нутагтаа алдаршсан гол руу гүйх аж. Тэд бол илтгэх урлаг, мэтгэлцээний “+300” клубынхан. Ахлах XI, XII  ангийн эдгээр залуус хөл хорио, зуны амралтынхаа өдрүүдийг үд хүртэл унтаж өнгөрөөхийг хүсээгүй тул тавдугаар сараас эхлэн эртлэн босч, гүйж байгаа нь энэ. Гэхдээ зүгээр нэг гүйх бус, дасгал хийснийхээ дараа шийдэл боловсруулан мэтгэлцэж, илтгэл хэлэлцүүлэн, мэдээлэл солилцоно. Харин сүүлийн өдрүүдээс эхлэн зочин урьж, сонирхолтой сэдвээр ярилцах болжээ. Өдөр бүрийг өмнөхөөсөө илүү үр дүнтэй өнгөрөөхийг хичээж буй “+300” клубийнхэн энэ удаа зочинтой ярилцлага өрнүүлснийхээ дараа гол дагуух хогийг түүж байгаатай бид тааралдан, нэгэн өглөөг хамт эхлүүлж, тэдний түүхээс хуваалцлаа.

Энэхүү клубийг санаачлан, үүсгэн байгуулсан хүн бол МУБИС-ийн Монгол хэлний багшийн ангийн III түвшний оюутан Ч.Алтанчимэг. Арван жилээсээ л илтгэх урлагаар хичээллэж, олон тэмцээн уралдаанаас шагнал авсан тэрээр нэгдүгээр курсийн өвлийн амралтаараа нутагтаа ирээд Увс аймаг дахь илтгэл мэтгэлцээний “+300” клубийг байгуулж, сургалт орж эхэлжээ.

-ХҮМҮҮС НАМАЙГ “ЭНЭ ЮУГАА ЧАДДАГ ЮМ” ГЭЖ БАСАХ БАЙХ ГЭСЭН АЙДАСТАЙ, БАС СЭТГЭЛИЙН БЭЛТГЭЛТЭЙ БАЙСАН-

-Арван жилээ дөнгөж төгссөн хүүхдэд клуб байгуулж, сургалт зохион байгуулах санаа хэрхэн төрж байв?

-Би анх 12-р ангидаа улсын мэтгэлцээний тэмцээнд орж байсан юм. Тэр үед “Монголд мэтгэлцэж, ярихдаа сайн ийм олон хүүхэд байдаг юм уу” гээд л шоконд орж байлаа. Тэмцээний үеэр “+300” гээд клубийн оролцогчид толгой цохиж, ялагдсан ч нэг нэгнээ дэмжин, зоригжуулж байгааг хараад  тэдний нэг болох юмсан гээд битүүхэн бодож байсан. Харин оюутан болоод Манлайлал боловсролын үндэсний төвийн сургалтад суусны дараа багш маань “Та нар хичээлийнхээ амралтаар нутагтаа очоод “+300” клубын салбарыг байгуулж, сургалт зохион байгуулах бүрэн эрхтэй шүү” гэж хэлсэн юм. Тэгээд л энэ үгэнд нь урамшиж, зоригжин нөгөө талаар сургалтаас сурсан зүйлсээ бусад хүүхдүүдтэй хуваалцаж, хамт хөгжмөөр санагдсан учраас клуб байгуулахаар шийдсэн.

-Анхны юм болгон амаргүй байдаг. Дөнгөж сургуулиа төгссөн жаахан охин сургалт зохион байгуулна гэхэд хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Арван жилдээ илтгэл, мэтгэлцээний олон тэмцээнд ордог, бас багагүй амжилт гаргасан байсан болохоор үеийнхэн болон багш нар маань намайг тодорхой хэмжээгээр мэддэг байсан. Тиймээс ерөнхий боловсролын сурагчдад сургалт орно гэхэд их эерэгээр, баяртай хүлээж авсан. Гэхдээ хүмүүс намайг “Энэ юугаа чаддаг юм” гэж басах байх гэсэн айдастай, бас сэтгэлийн бэлтгэлтэй байсан.

-Эхний сургалтын талаар ярьвал?

-Анхных гэдэг утгаараа алдаа дутагдал их байсан. Жишээ нь багш хүн хичээлийн маш нарийн төлөвлөгөөтэй байх ёстой байтал би гэдэг хүн нарийн төлөвлөгөө гаргадаггүй байсан. Нарийн төлөвлөөгүй учраас зарим хичээл сэтгэлд хүрэхгүй үе ч бий. Бас төлбөргүй ордог байсан болохоор хүүхдүүд заримдаа таслах тохиолдол ч гарна. Харин хоёр дахь жилийн сургалтаас эхлээд юу заах, юуны талаар ярих, ямар тэмцээн зохиох гээд бүгдийг нарийн төлөвлөж бас тодорхой хэмжээний төлбөртэй болгосон. Хүүхдүүд “Би төлбөрөө төлж сурч байгаа” гэдэг утгаар илүү ухамсарлаж богино хугацаанд аль болох их зүйлийг сурч авахын тулд мэрийж, хичээх болсон.

-Сургалтын дараа хүүхдүүдийн чадвар хэр зэрэг өөрчлөгддөг вэ?

-Сургалтын эхний өдөр нэг сурагч өөрийгөө танилцуулахад бусад нь шоолонгуй инээчихсэн юм. Тэгтэл шууд уйлчихсан. Харин сургалтын дараа тэмцээн зохиоход тэр сурагч нэгдүгээр байранд орсон. Бүр багийнхнаасаа хамгийн сайн нь байсан. Ярих чадвар нь сайжирснаас гадна эмх цэгцтэй, логик дараалалтай ярьдаг болсон нь ажиглагдаж байсан. Энэ мэт зарим хүүхэд өөрийгөө ч танилцуулж чадахгүй, ичимхий бүрэг ирдэг. Танихгүй хүүхдүүдийн урд гараад ярихаасаа ичнэ, сандарна. Харин сургалтын сүүлийн  өдөр  өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн илтгэж байгааг харах надад хамгийн сайхан байдаг.

-Энэ жилийн сургалтынхаа талаар ярьвал. Эхний хоёр жилээс олон зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байх?

-Энэ жил би өвлийн амралтаараа ирээд илтгэл мэтгэлцээний клубдээ элсэлт авч сургалтаа зохион байгуулаад дуусчихсан байсан. Гэтэл коронавирусийн халдварын улмаас өвлөөс эхлээд л хөл хорио тогтоож ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоочихсон шүү дээ. Олон хүн цуглахыг хориглосон болохоор клубийнхээ хүүхдүүдтэй уулзаж чадахгүй байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зүгээр сууж болохгүй юм байна, ямар нэгэн юм хийх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Хөл хориог боломж гэж харж, цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх талаар бодож байтал манай клубийн хүүхдүүд өөрсдөө өглөө бүр гүйж байвал ямар вэ гэсэн санааг гаргасан. Тэгээд л таван сараас эхлээд гүйж эхэлсэн дээ.

-ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ МЭДРЭЭД АМТАНД НЬ ОРООД ЭХЛЭХЭД ӨГЛӨӨ БОСОХ ТИЙМ Ч ХЭЦҮҮ ЗҮЙЛ ШИГ САНАГДАХАА БОЛЬЧИХДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-Анх клубынхээ хүүхдүүдтэй гүйх л зорилготой байсан юм байна. Тэгвэл гүйснийхээ дараа илтгэл, мэтгэлцээн өрнүүлж, зочин урих санаа хэрхэн төрж байв?

-Бид нар анх гүйснийхээ дараа гол дээр ирж дасгал хийж, янз бүрийн хөгжөөнт тоглоом тоглодог байсан. Дараа нь “юуны тулд илтгэл, мэтгэлцээний клуб билээ” гэж бодоод хүүхдүүдийг хоёр, хоёроор хувааж сэдвийн дагуу мэдээлэл бэлтгүүлж тэр талаар ярилцдаг болсон. Удалгүй шийдэл боловсруулж, мэтгэлцээн зохиодог болсон юм. Харин зочны хувьд  манай клубд ихэвчлэн төгсөх ангийн хүүхдүүд явдаг болохоор тэднийг оюутан болоход туршлагагүйгээсээ болоод алдаа дутагдал гаргаж, олон зүйлээс хоцрох вий гэсэндээ ийм санаа гаргасан. Ах эгч нараасаа суралцаж, ямар боломж байдаг талаар мэдээсэй, тэднээс урам зориг аваасай гэсэндээ зочинтой өглөөний гүйлт эхлүүлсэн. Зочдоороо төрөл бүрийн мэргэжлээр их дээд сургаалиа төгссөн, эсвэл суралцаж байгаа амжилт гаргасан залуусыг урьж байгаа.

-Өглөө эрт босно гэдэг хүн болгонд амар байдаггүй шүү дээ. Амралтын байдалтай байж байгаад үүрийн дөрвөн цагт босох амаргүй л байсан байх?

-Тийм шүү. Ялангуяа би нойрондоо маш харамч хүн. Эхний өдөр сэрүүлэг тавьж байгаад л арай гэж босч байсан. Гэхдээ өглөөний гайхамшиг гэдэг зүйлийг мэдрээд амтанд нь ороод эхлэхэд өглөө босох тийм ч хэцүү зүйл шиг санагдахаа больчихдог юм байна лээ. Бусад хүн унтаж байхад бид орноосоо босож байдаг. Өглөө бүр хамт өнгөрүүлэх гуравхан цаг тэр өдрийн эрч хүчийг бэлэглэдэг юм билээ. Хоцорч ирсэн нэгнээ сэрүүлгээ чанга тавиад унтаж болдоггүй юм байх даа гэж ерөөсөө бодож байгаагүй. Харин ч хоцорч ирсэн ч энэ хүүхэд амьдралд нь хэрэг болох нэг ч гэсэн өгүүлбэрийг сонсоод аваасай гэж боддог. Хамгийн чухал үр дүн нь бид өглөөний хүн буюу эртэч шувуухайнууд болсон. Өөрөө өөрсдийгөө ялан дийлж чадсан энэ дадал хэвшил маань ирээдүйд эерэг том өөрчлөлт хийх эхлэл суурь болж чадна гэдэгт итгэлтэй байна.

-ЦОГЦОЛБОР I СУРГУУЛИЙН 11-Р АНГИЙН СУРАГЧ Т.ЦОЛМОН: МӨРӨӨДӨЛДӨӨ ҮНЭНЧ БАЙЖ, ТУУШТАЙ ЗҮТГЭХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН-

-“+300” клубт хоёр дахь жилдээ явж байгаа юм байна. Анх ирэхдээ ярих, илтгэл чадвар чинь хэр байсан, одоо ямар болсон бэ?

-Анх бид нарыг ярьж байхад бүгдийнх нь бичлэгийг хийж байсан. Тэр үед маш их ээрч муурдаг, эмх замбараагүй ярьдаг, бодож байснаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байлаа. Клубд элссэнийхээ дараагаас зурагт, фейсбүүкээр илтгэлийн бичлэг үзээд толинд хараад бэлддэг болсон.  Бас бусад хүүхдүүдийн ярьж байгааг сонсож, суралцаж эхэлсэн. Багшийнхаа сургалтаас маш олон зүйлийг сурсан. Одоо өөрийн үзэл бодлоо хэний ч өмнө чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон.

-Өглөөний гүйлтээс сурсан хамгийн чухал зүйл тань юу вэ?

-Би өглөө дөрвөн цагт босдог. Эхэндээ өглөө сэрэх хэцүү байсан ч өдөр бүр шинэ зүйл сураад эхлэхээр сэрүүлэггүй босдог болсон. Би эмч болох мөрөөдөлтэй. Гэвч зургаан жил сурсны дараа ажилд орж чадах болов уу гэсэн айдастай байсан. Харин өглөөний гүйлт дээр ирсэн зочдын яриаг сонсоод мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Цогцолбор I сургуулийн XII ангийн сурагч Б.Нямбаяр: “Бид бусад хүүхдүүдийг унтаж байхад өглөө эрт сэрээд хамт гүйж, томоохон тэтгэлгүүдэд хамрагдаж амжилттай суралцсан ах эгч нарын яриаг сонсон ЭЕШ-дээ сайн бэлдэх, тэтгэлэгт хэрхэн хамрагдах зэрэг маш чухал нарийн зүйлсийг мэдэж, урам зориг авдаг.  Сайн муу гэж нэгнээ ялгалгүйгээр клубийн бүх хүүхдүүд хоорондоо сайн найзууд болсон. Нэг нэгнээ сайн дэмждэг. Хэдэн өдрийн өмнө би “Голын эргээр их хог байна. Хэдүүлээ түүх үү” гэхэд бүгд  дуу нэгтэй зөвшөөрч өнөөдөр бээлий, хог түүх шуудайгаа аваад ирцгээсэн байна. Бидэнд үнэт цагаа зарцуулж буй зочид болон дасгал хийж, тоглож, илтгэж мэтгэлцэж хамтдаа хөгжиж буй энэ цаг хугацааг юугаар ч зүйрлэшгүй.