Трамп Тик Ток, K-pop фэнүүдэд чадуулжээ

Трамп Тик Ток, K-pop фэнүүдэд чадуулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагаас эхлэн коронавирусийн цар тахлын улмаас гуравдугаар сараас хойш тасалдаад байсан сонгуулийн үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Тэрбээр эхний томоохон арга хэмжээг Оклахома мужийн Тулса хотод зохион байгуулжээ.

Харамсалтай нь тус хотын 19,000 хүний суудалтай стадионд ердөө 6,200 орчим хүн цугларч, ихэнх суудлууд хоосон байсан юм.

Трампын сонгуулийн багийнхан цуглаанд оролцогчдыг онлайнаар үнэ төлбөргүй бүртгэж, нийтдээ нэг сая орчим тасалбар тараасан юм байна. Тэд стадионд багталгүй гадна үлдсэн дэмжигчдэд зориулан Трампаар үг хэлүүлэх индрийг хүртэл бэлдээд байжээ.

18 настай Нью Йоркийн оршин суугч Эрин Хофман Нью Йорк Таймс сонинд “Трамп олон сая Америк хүний иргэний болон сонгуулийн эрхийг хасах бодлогыг идэвхтэй явуулж байгаа. Тиймээс би өөрийн чадах аргаар эсэргүүцсэн”  ярьсан байна. Тэр өөртөө хоёр тасалбар авч, эцэг эхээ ятгаж байгаад мөн хоёр тасалбар авхуулжээ.

Бямба гарагийн цуглааны дараа Трампын сонгуулийн менежэр Брэд Парскэйл ирц хангалтгүй байсан нь “Black Lives Matter” арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөний жагсаалаас болсон гэж тайлбарласан байна.

Тухайн үед стадионы гадна уг хөдөлгөөний бага хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж байжээ. Тэднийг Трампын цуглаанд ирсэн хүмүүсийн замыг хааж, ороход нь саад хийсэн гэж тэр тайлбарласан юм. Мөн коронавирусийн аюулын талаар хэвлэлүүд “худал мэдээ” тарааж, хүмүүсийг айдаст автуулсан нь үүнд нөлөөлсөн гэж Трампын багийнхан үзэж байна. Харин залуу үеийнхэн нөлөөлсөн талаар огт ярихгүй байгаа юм. Гэхдээ бусад хүмүүс ирц бага байсны гол шалтгаан нь залуусын эсэргүүцлийн ажиллагааны үр дүн гэж дүгнэжээ.

“Оролцох төлөвлөгөөгүй ч тасалбарыг бөөнөөр нь захиалсан өсвөр үеийнхэн, K-pop фэнүүдэд тэр чадууллаа” гэж MSNBC сувгийн Жой Рэйд мэдээлсэн байна.

“Ютагийн Парк Ситид амьдардаг миний 16 настай охин болон түүний найз нар лав хэдэн зуун тасалбар авсан. Америкийн өсвөр үеийнхэнд та нар чадууллаа” гэж ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанд улс төрийн стратегичээр ажиллаж байсан Стив Шмидт твиттер хуудсандаа бичжээ. Энэ үед залуус TikTok сүлжээнд авсан тасалбарынхаа зургийг хуваалцаж байв.

 

Эх сурвалж: Associated Press