Н.НОМТОЙБАЯРЫН ААВ, ЭЭЖ: Бид хүүгээ дэмжихээр ирлээ

Н.НОМТОЙБАЯРЫН ААВ, ЭЭЖ: Бид хүүгээ дэмжихээр ирлээ

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн сарын 28-ны өдөр цагдан хорьсон. Ингэснээр тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа өөрийн биеэр хийх боломжгүй болсон юм. Түүнийг цагдаагийн  мөрдөгчийг дарамталсан хэрэгт буруутган хорьсон билээ. 

Хэдийгээр өөрөө хорих ангид хоригдож буй ч түүний аав Б.Нямтайшир сурталчилгааг нь хийж иргэд сонгогчидтой уулзалт хийсэн. Өнөөдөр мөн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир, ээж Д.Хулан нар хүүгээ дэмжиж саналаа өгөхөөр иржээ. 

Аав Б.Нямтайшир "Монголын сонгуулийн түүхэнд нэр дэвшигч өөрийн биеэр сонгуульдаа оролцох боломжгүй үйл явдал боллоо. Өмнөөс аав нь иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрийг нь танилцуулсан. Нийт 53 удаагийн уулзалтаар 10 мянган иргэнтэй уулзаж саналыг нь сонслоо. Би анх удаа сурталчилгааны ажил хийж үзсэн. Монголд анх удаа шударга бус, хэцүүхэн өрсөлдөөн боллоо. Боловсруулсан мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд шударга өрсөлддөг юм болов уу гэж бодтол тэгдэггүй юм байна. 

Ялчих магадлалтай хүний араас янз бүрийн байдлаар унагах гэсэн оролдлогыг их явуулдаг юм байна. Тэр бүү хэл эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хүртэл оролцуулдаг. Ардчилалын замаас ухарч байгаа юм биш биз гэсэн бодол төрсөн. Бид хүүгийнхээ хүүхдүүдийг аваад саналаа өгөхөөр ирлээ. Н.Номтойбаяр ард түмний дуу хоолой болж ажиллаж чадах хүн гэж бид боддог. 

Хүүгээ дэмжинэ. Энэ хүнд цаг үед ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж чадах, өрийн дарамтаас гаргах бодлого боловсруулж чадах сэтгэлтэй, боловсролтой хүмүүст саналаа өгнө" гэлээ. 

Ээж Д.Хулан "Ирэх дөрвөн жил төрөөс төрсөн тэрбумтнуудтай, авлигач нартай хамт байх уу эс бөгөөс эд нараас салаад цаашид хурдтай хөгжих үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Миний хүү энд өнөөдөр ирж чадсангүй. Анхнаасаа нэг барианаас гарсангүй. Хоёр хоногийн дараа шүүх хурал нь болно. Миний хүү ганцаараа зүтгэсэн. Ард түмэн миний хүүгийн ард зогсох цаг нь болсон гэж бодож байна" гэлээ.