СЕХ: Санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй

СЕХ: Санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй

Монгол Улсын найм дахь удаагийн парламентын сонгууль өндөрлөлөө. 2020 оны ээлжит сонгууль томсгосон мажоритар системээр явагдаж 13 нам, 4 эвсэлийн 606 нэр дэвшигч сонгуулийн 29 тойрогт 76 суудлын төлөө өрсөлдсөн юм.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,476,475 хүн санал өгсөнөөр ирц 73.64 хувьд хүрч сонгууль хүчинтэйд тооцогдож байна. Тухайлбал нийслэлийн хэмжээний 896,378 сонгогч бүртгэгдсэнээс 657,159 хүн санал өгч 73.31 хувьтай, аймгийн хэмжээний 1,107,591 сонгогч бүртгэгдсэнээс 818,516 хүн санал өгч, 73.90 хувьтайгаар санал хураалт явагдсан байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Ардчилсан намаас 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн Электорат эвсэл 1, бие даагч 1 сонгогджээ.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн өндөр хувиар буюу тойргийнхоо нийт сонгогчдын 72.24 хувийн итгэлийг хүлээсэн бол 28-р тойрогт өрсөлдсөн Н.Учрал хамгийн олон буюу 53,651 хүний санал авчээ. Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр дүнг нэгтгэн, албан ёсны дүнг зарлан тогтоол гаргана.Үүний дараа сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах аж. Одоогоор санал тоолох төхөөрөмжийн дүн нь хяналтын тооллоготой зөрсөн тохиолдол гараагүй.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүдэд нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллалаа.