САЙД НАРЫН СУРАГ, АЖИГ: Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ыг үргэлжлүүлэн хариуцах бол Б.Баярсайхан Боловсролын сайдаар ажиллана

САЙД НАРЫН СУРАГ, АЖИГ: Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ыг үргэлжлүүлэн хариуцах бол Б.Баярсайхан Боловсролын сайдаар ажиллана

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ч.ХҮРЭЛБААТАР НАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН САЙДААР АЖИЛЛАХ УУ-

УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН үнэмлэхүй олонх буюу 62 гишүүний суудлыг авсан. Тиймээс тус нам дангаараа Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй. Мөн ялсан намын дарга хариуцлагаа үүрч Засгийн газраа тэргүүлнэ. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа шинээр бүрдүүлээд цааш ажиллах нь.

Маргаашнаас шинэ гишүүдийн тангараг өргөх анхны чуулганы тов товлогдоно. Үүний дараа Засгийн газрын бүтцийг батална. Тэгвэл шинэ Засгийн газарт хэн сайдаар ажиллах вэ гэдэг асуудал эрх баригч МАН дотор аль хэдийн яригдаж эхэлсэн байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрөв хүртэлх сайдыг /Ерөнхий сайд багтана/ УИХ-аас сонгож болно. Бусдыг нь гаднаас ажиллуулах юм.

Тэгвэл бодлогын яамдын сайд нарыг “давхар дээл”-тэй буюу УИХ-аас сонгож ажиллуулна гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар үргэлжүүлэн ажиллахаар ярилцаж байгаа аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдын аль нэгийг УИХ-аас сонгож ажиллуулж магадгүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх яамдын сайд нар бүгд Шадар сайд сайдын албан тушаалыг давхар хаших зохион байгуулалтыг хийж байгаа аж. Сургаар, Засгийн газрын хэрэг эрхлэх болон төрийн өмчийн компаниудаа хариуцсан Шадар сайд, мөн Онцгой байдлын асуудал харицсан Шадар сайдтай байх мэдээлэл бий.

-Г.БАЯРСАЙХАН БСШУС-ЫН САЙДААР АЖИЛЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ-

Завхан аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Баярсайханыг Боловсролын сайдаар томилохоор тохирсон байна. Түүний хувьд өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар хэд, хэдэн удаа ажиллаж байсан ч сайд нартайгаа таарамж муутайгаас болон халагдаж буцаж шүүхийн шийдвэрээр томилогдсон түүхтэй.

Түүнээс гадна энэ удаагийн УИХ-д нэр дэвшээгүй Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилж магадгүй гэх сураг байна.  

Эрүүл мэндийн сайдын хувьд Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ өөрөө илэрхийлжээ. Түүний хувьд маш их ядарч байгаа учир ажиллахгүй. Гэхдээ Эрүүл мэндийн яамны бодлогын ажилд зөвлөсөн хэлбэрээр оролцоно гэсэн байна. Ямартай ч МАН Эрүүл мэндийн салбараа НАМЭХ-ны төлөөлөл буюу эмэгтэй хүнд хариуцуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

-ХОЁР ЯАМ ШИНЭЭР БАЙГУУЛНА-

Эцсийн шийдийг шинэ Ерөнхий сайд гаргаж, Засгийн газрын бүтцээ УИХ-аар батлуулна. Хөгжлийн яам, Соёлын яамыг шинээр байгуулах асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу тус хоёр яамыг шинээр байгуулж магадгүй байна.