Монгол Улсын сонгуульд нэр дэвшсэн хүмүүс Швейцарын шүүхээс ял сонсож болзошгүй

Монгол Улсын сонгуульд нэр дэвшсэн хүмүүс Швейцарын шүүхээс ял сонсож болзошгүй

Монгол Улс зургадугаар сарын 24-нд парламентын сонгуулиа  зохион байгууллаа. Харин хоёр нэр дэвшигчийг Швейцарын шүүхээс  зэс, алтны олборлолттой холбоотой томоохон авлигын хэргээр шалгаж байгаа талаар swissinfo.ch сайт мэдээлснийг орчуулан хүргэж байна. Энэхүү хоёр нэр дэвшигч нь одоогоор 461-р хорих ангид саатуулагдаж буй С.Баярцогт, нөгөө нь УИХ-ын сонгуульд 8-р тойргоос сонгогдсон Б.Дэлгэрсайхан нар юм. Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч Каринэ Пфеннигер нь эрэн сурвалжлах болон  эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн ажээ.

-УЛС ТӨРЧИД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ӨӨРСДИЙН ХАМГИЙН ГЭРЭЛ
ГЭГЭЭТЭЙ ТАЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬДОГ-

Улс төрийн хувьд уг хоёр нэр дэвшигч нь өөр, өөр нам эвслээс өрсөлдсөн бөгөөд Сангийн сайд асан С.Баярцогт нь тус улсын хойд хэсэгт орших Сэлэнгэ аймагт Ардчилсан намыг төлөөлж, уул уурхайн салбарт идэвхитэй бизнес эрхэлдэг Б.Дэлгэрсайхан нь говь нутагт Монгол Ардын Намаас нэр дэвшин ялалт байгуулжээ. Сонгууль дөхөхөөр тэдний янз бүрийн дүр төрх илэрч,  өөрсдийнхөө хамгийн сайн, гэрэлтэй талыг харуулахыг зорьдог. Гэхдээ Швейцарын Ерөнхий Прокурорын Тамгын газар (OAG) –аас баталгаажуулсан тэдний хууль бус гэмт хэргийн түүхийг хуваалцаж байна.

2007 оны арванхоёрдугаар сараас 2008 оны долоодугаар сарын хооронд  Монгол Улсын иргэн Б.Дэлгэрсайхан нь Швейцарь улсын Цюрихийн банкны данс руу 45 сая орчим ам.доллар (42.6 сая арав орчим ширхэг) шилжүүлсэн нь нууцлаг хятад хөрөнгө оруулагчийн илгээсэн мөнгө байжээ. Үүнээс 8.2 сая еврог (8.75 сая фунт стерлинг) “Credit Suisse” банкны данс эзэмшигч С.Баярцогт руу шилжүүлсэн байна.

-2013 ОНД “OFFSHORE LEAKS”-ИЙН ТАЙЛАНГААР С.БАЯРЦОГТ ШВЕЙЦАРИЙН
БАНКНЫ ДАНС ЭЗЭМШИГЧ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ-

Тэр үед С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд хэдэн сарын дараа Их Британи-Австралийн Рио Тинто групптэй асар том гэрээ байгуулан, Оюутолгойн ордыг ашиглах эрхийг тэдэнд өгөв. Тус уурхай нь дэлхийн зэс, алтны томоохон нөөцтэй орд болно гэж тооцсон хөрөнгө оруулагчдад маш ашигтай тохиролцоо байсан юм. Гэхдээ 2013 онд “Offshore Leaks”-ийн тайлангаар С.Баярцогт Швейцарийн банкны дансны эзэмшигч байсан нь тогтоогджээ. Энэ хэрэг олон нийтэд ил болсноос хойш тэр ард иргэдээсээ уучлалт гуйж, албан тушаалаасаа огцорсон байна. Тэр жилийн зургадугаар сард Монголын хэсэг хуульчид Швейцарь улсад С.Баярцогт болон бусад хүмүүсийн эсрэг хууль ёсны хэрэг үүсгэв. 2016 оны наймдугаар сард Швейцарийн холбооны прокурорууд мөнгө угаасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Б.Дэлгэрсайханы дансыг хааж, дансанд нь байсан 1.85 сая ам.долларыг хураан авч, хэрэгт холбогдсон хэд хэдэн хүмүүсийг сэжигтнээр татав. Б.Дэлгэрсайхан нь 2018 онд Холбооны Эрүүгийн хэргийн шүүхэд, дараа нь Холбооны Улсын шүүхэд дансаа нээлгэх хүсэлт гарган маргаан үүсгэсэн хэдий ч хэрэгсэхгүй болгожээ.

-ШВЕЙЦАРЬ УЛСЫН ШҮҮГЧИД ЭНЭ ХЭРГИЙГ “МӨНГӨ УГААХ
ШИНЖТЭЙ ГЭМТ ХЭРЭГ” ГЭЖ ҮЗЖЭЭ-

Харин шүүгчдийн хувьд "сайдад ийм их хэмжээний мөнгө байх боломжгүй. Албан тушаалд очсон даруйдаа мөнгө угаасан байх магадлалтай" гэж шүүх хуралдааны тэмдэглэлдээ бичжээ. Мөнгөний ийм хөдөлгөөн нь мөнгө угаах “ердийн” шинж чанартай гэж тус улсын шүүхээс үзсэн байна.

Оюутолгойн гэрээний асуудал нь зөвхөн Монгол улсын асуудал биш олон улсын томоохон компаниудын оролцсон хэрэг учраас мөрдөн байцаалтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсын парламентад  нэр дэвшигч С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нараас гадна Азийн орны гуравдагч иргэний нэрийг нэмж оруулан шалгаж эхлээд байна. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард Б.Дэлгэрсайханг холбоотой баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг нэмж үүсгэхээр болжээ. Б.Дэлгэрсайхан үүнийг одоогоор няцаагаад буй бөгөөд хэргийг нь Холбооны Эрүүгийн хэргийн шүүх дээр авч үзэх болно.  Монголд улсын  “Авлигатай тэмцэх газар”-ын удирдлагууд ч мөн хоёр улс төрчтэй холбоотой хэргийг ноцтой гэж үзэн, Швейцарь улсаас хууль эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг Холбооны прокурорууд шалгаж үзэн 2019 онд зөвшөөрсөн хариу өгсөн байдаг.

-Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨНГӨРСӨН САРД ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ШВЕЙЦАРЬ УЛСААС ЯВУУЛЖ БУЙ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ХЭРГИЙГ НЯЦААСАН МЭДЭГДЭЛ ХИЙЖЭЭ-

Уг хоёр нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны үеэр хоорондын маргаантай байсан бөгөөд тавдугаар сарын 30-нд Б.Дэлгэрсайхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр Швейцарын Ерөнхий Прокурорын Тамгын газрын мөрдөн байцаалтыг няцаасан мэдэгдэл хийж, гэм буруугүй нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Харин хариуд нь Швейцарын Ерөнхий Прокурорын Тамгын газар байр сууриа дахин нотолжжээ. Тэд "Нэгдүгээрт, баримт бичгийн зөвхөн нэг хэсэг бус бүх агуулга дээр нь үнэлгээ хийх ёстой. Хоёрдугаарт "Хэрэг шийдэгдээгүй, хүчин төгөлдөр хэвээр байна. Өнөөдрийг хүртэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны аль нь ч буураагүй, үргэлжилж байгаа” хэмээн мэдэгджээ.

Энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн Монгол Улсын иргэн тус улсын хууль дээдлэх байдлын талаар дургүйцлээ илэрхийлээд "Швейцарь улс дэлхийд болон Монголын ард түмэнд үнэнийг таниулахад туслах ёстой. Эс тэгвэл манай улсын ардчилсан тогтолцоо мөхөж, тусгаар тогтнолоо алдах болно. Хэрэв эдгээр хүмүүс улс төрийн өндөр албан тушаалд хүрвэл Монгол Улсад томоохон аюул заналхийлэх болно” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Эх сурвалж: www.swissinfo.ch




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө