ФОТО: Хүрээ цам харайх ёслол Батцагаан дуганы өмнөх талбайд боллоо

ФОТО: Хүрээ цам харайх ёслол Батцагаан дуганы өмнөх талбайд боллоо

“Хүрээ цам-2020” шашин соёлын ёслолын гол үйл ажиллагаа цам харайх ёслол Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд боллоо.

“Хүрээ цам-2020” энэ сарын 26-28-нд Жахар цамын хурал хурж, дотоод цам харайсан. Харин өнөөдөр Хүрээ цам харайж буй юм. Энэ удаагийн Хүрээ цам нь Батцагаан дуганд бясалгал бүтээл үйлдэн, гадаах талбайд цам цамнаж байгаагаараа онцлог юм. Мөн цар тахал дэгдсэн, цам харайх талбай хангалтгүй зэрэг шалтгаанаар номын дагуу дэгийг хураан, Хүрээ цамын зарим  номыг тэтгэгч сахиусын дүр гарахгүй юм. Тодруулбал, Очирваань хийгээд түүний нөхөр сэлт, Гонгор, Намсрай зэрэг номын сахиусын дүр цам харайхгүй. Харин хурал номыг бүрэн хурж, жахар хот мандал, лянга шоглон эвдэх, сор залах зан үйлийг үйлдэнэ.

 “Хүрээ цам-2020” шашин соёлын ёслол энэ сарын 30-ны өдөр Гомбо, Чойжоо, Лхам сахиусын тахилга хурлаар өндөрлөнө.