Л.Гүндалай: Зуун грамм татаад согтоогүй, сэтгэл хөдлөлдөө автаад уйлсан

Л.Гүндалай: Зуун грамм татаад согтоогүй, сэтгэл хөдлөлдөө автаад уйлсан

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл, 121 бие даагчаас бүрдсэн нийт 606 нэр дэвшигч нэр дэвшсэн. Тэдний дундаас “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшсэн. Гэхдээ тэрбээр Тайландын вант улсын Бангкок хотод гацсаны улмаас сонгуулийн сурталчилгаагаа онлайнаар явуулсан билээ. Ингээд тэрбээр Хөвсгөл аймагт маш олон иргэний саналыг авч дөрөвт эрэмбэлэгдсэн юм.

Одоо тэрбээр эх орондоо ирж 21 хоногийн хөл хорионы дэглэмээ сахиж байна. Энэ хугацаан тэрбээр  цахим орчинд идэвхтэй байж багачуудад зориулан англи хэл сурах аяныг эхлүүлээд байгаа юм. Бид түүнтэй холбогдож ярилцлаа.

-БУСДЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭРЭЭ БАЙЖ, ЖИНХЭНЭ НУЛИМСАА ГАРГАЖ ЧАДДАГ БАЙНА ГЭДЭГ ХҮНИЙ САЙХАН ЧАНАР-

-Та Тайланд улс руу хэзээ, ямар зорилгоор явсан бэ. Хэзээ буцахаар төлөвлөж байгаад, хэр удчихав?

-Анх хоёрдугаар сарын 12-нд Тайланд руу хөлийнхөө шагайг үзүүлэх зорилгоор явсан. Хажуугаар нь амарчихаад ирье гэж бодоод гэр бүлийн хамт явсан. Очоод эмнэлэгтээ үзүүлээд, гуравдугаар сарын 10-н хүртэл эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш л эх орондоо буцах хүсэлтээ гаргаад хүлээсэн. Монгол улс хилээ хаана гэж огт бодоогүй, төсөөлөөгүй байлаа. Гэвч иргэдээ онгоц түрээслээд очно гэхэд хүртэл хүлээж авахгүй шийдвэр гаргасан.

-Урт хугацааны дараа Монголдоо ирээд их сэтгэл хөдөлсөн харагдсан. Таны хийсэн бичлэг их олон хүнд хүрч, зарим хүмүүс таныг согтуу байсан гэж шүүмжилж байсан. Та согтуу байсан уу эсвэл үнэхээр сэтгэл хөдлөл, бухимдлаа илэрхийлсэн үү?

-Уг нь бол эх орондоо ирсэн тухайгаа мэдэгдээд л бичлэг хийе гэж төлөвлөж байсан юм. Тэгэхдээ гадаадад гацсан монголчуудынхаа тухай дурдаад л өнгөрнө гэж бодсон. Морин цагт лайв бичлэгээ эхлэхээр төлөвлөж суухдаа тавь, зуун грамм татсан нь үнэн. Тэгээд л яриан дундаа ороод сүүлдээ сэтгэл хөдлөөд уйлсан. Дэндүү их бухимдаж, сэтгэл их хөдөлснөөс биш согтуу байгаагүй. Бичлэг хийж дууссаны дараа эхнэр, зөвлөх туслах маань миний хаягаар ороод бичлэгийг минь устгачихсан. Би жүжигчин биш, худлаа уйлдаг ч хүн биш. Чин сэтгэлээс ганц л удаа гарах үнэн зүйл, бусдын төлөө үгээ хэлсэн учраас бичлэгээ буцааж тавиулсан.

Намайг архи уулаа, хүмүүсийг элдвээр хэллээ гэдэг шалтгаанаар тэд нар бичлэгийг авчихсан байсан. Тэнд хуурамч зүйл байгаагүй учраас би хэлж байгаад буцааж тавиулсан. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь хүнд байдаг л зүйл. Харин ч энэ миний сайн чанар, давуу тал гэж бодож байгаа.

-Одоо ирээд нөхцөл байдал нь ямархуу байна?

-Эх орондоо ирсэн, монгол хоолоо идээд сайхан байна. Тусгаарлах байрны нөхцөл байдал сайн байгаа. Бараг 130 хоног монгол махаа идээгүй надад сайхан л байна. Удахгүй гарчихаасай гэж бодоод л байж байна.

-ӨРСӨЛДӨГЧИД МААНЬ СОНГОГЧДОД ДУГТУЙТАЙ МӨНГӨ ТАРААСАН УЧРААС БИ ЯЛАГДЛАА-

-Энэ удаагийн сонгуулиар өмнө нь байгаагүй онцгой, хачирхалтай зүйлс болж өнгөрлөө. Тусгаарлах байрнаас, хорих ангиас хүмүүс УИХ-д нэр дэвшлээ. Та энэ сонгуулийг хэр шударга болж өнгөрсөн гэж бодож байна вэ?

-Нэр дэвшигчид чинь өөрсдийн тойрогтоо очиж, сурталчилгаагаа хийх ёстой шүү дээ. Гэтэл хүнийг хорьж цагдаж болохгүй. Миний хувьд ирэх хүсэлтээ аль дээр гаргачхаад байхад нислэгт багтаахгүй удсан учраас сурталчилгаагаа ч олигтой хийж чадаагүй. Шударга бус байлаа гэж бодож байна.

-Таны хувьд бас нэлээд өндөр санал авсан. Нутагтаа сурталчилгаагаа хэрхэн хийсэн бэ?

-Голчлон цахимаар л сурталчилгаагаа хийлээ. Хамаатны дүү маань хариуцаад хоосонгүй нутаг руугаа илгээсэн захидлын зургийг минь тараасан. Манай нутгийнхан ер нь намайг мэднэ.

-Та өөрийгөө УИХ-д сонгогдоно гэж бодсон уу? Сонгуулийн үр дүнг ямархуу маягаар төсөөлж байв?

-Би зургадугаар сарын 20-ны үеэр бол өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан. Олон хүн намайг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн гол миний ялагдсан шалтгаан бол хүмүүсийн саналыг бусад  намынхан худалдаад авчихсан.  Яг өмнөх өдөр нь айлуудын хашаа руу дугтуйтай мөнгө шидээд л. Надад өгөх гэж байсан хүмүүс бодлоо өөрчилсөн байх.

Хөвсгөлд МАН нэг л суудал авна гэж бодож байсан.  Мөнгө тараагаагүй байсан бол ерөнхийдөө 25-30 суудал авах байсан байх.

“МАНАЙ АЙМАГТ МӨНГӨ ТАРААЧИХЛАА. ЦАГДАА ТАГНУУЛ БҮГД ЭДНИЙ ГАРТ. ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ НЬ ГЭЭД ХҮМҮҮС УТСААР ЯРЬСАН”

-Олон улс төрч, намнэгдэж эвсэл болж оролцлоо. Ард түмнээ хайрлая намаас та ганцаараа нэр дэвшсэн үү?

-Тэгсэн. Уг нь өөр хориод хүн нэр дэвшихээр ярьсан байсан ч би Тайландад гацчихсан учраас зарим нь бие дааж, зарим нь өөр эвслээс нэр дэвшсэн байна лээ. Би өөрөө байхгүй байхад яаж ч манай намаас дэвших вэ. Миний намын ажлыг хүртэл хорлочихлоо.

-Санал тооллого шударга бус болсон талаар янз бүрийн таамаг, шүүмж явж байгаа. Энэ талаар таны байр суурь ямархуу байна вэ?

-Хяналтын тооллого хийгээд зөрүү гараагүй гэж яриад байна. Угаасаа зөрөхгүй. Тэр чинь хэн хэнд санал өгснийг шалгахаас биш давхардаж уу, хүний өмнөөс өгч үү гэдгийг шалгахгүй шүү дээ. Гадаадад байгаа, нас барсан хүний өмнөөс өгчихсөн эсэхийг хэн ч нягтлахгүй байгаа юм чинь. Гол нь тэр шүү дээ.

-Үр дүнтэй санал нэгдэхгүй байна гэж үү?

-Мөнгөөр бүх саналыг худалдаад авчихсан учраас шударга бус байна.

-ХҮҮХДҮҮДЭД УРАМ ЗОРИГ ӨГӨХ ҮҮДНЭЭС АНГЛИ ХЭЛ СУРАХ АЯН ЭХЛҮҮЛСЭН-

-Та тусгаарлалтад байх хугацаандаа олон нийтэд чиглэсэн англи хэл заах, гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах хүсэлт гэх мэт бичлэгүүдийг хүргэж байгаа. Ямар зорилгоор үүнийг хийх болсон юм бэ?

-Би өөрөө багш хүн. Англи хэлийг төгс эзэмшээгүй ч гэлээ гол нь хүүхдүүдэд урам зориг өгье гэж бодсон. Хэлийг хүн бие дааж сурж болдог учраас хүүхдүүдэд эхлэлийг нь тавиад өгчихвөл боломж дүүрэн байгаа. Би өөрөө бие дааж англи хэл сурсан.

-“Эх оронгүй Монголчууд” гэж группээ нэрлэсэн байсан. Үнэхээр эх оронгүй мэт нөхцөл байдалд байна уу?

-Энэ нэрийг би өөрөө санаачлаагүй, гадаадад байгаа иргэд надад санал болгосон юм. Тэд үнэхээр хилээ хаачхаад шоу хийж, сонгууль зохион байгуулж байгаа төрд гомдож байгаа. Тэнд янз бүрийн асуудалтай хүмүүс байгаа. Таван шаардлага гэдэгт нь нийцэхгүй ганц сар аялах гэж очсон хүмүүс зогсвол зоос, хөдөлбөл хөлс. Тийм нөхцөл байдалд байна. Бүтэн тав зургаан сар хүний нутагт байгаа залуу хүний амьдрал бол үнэхээр хэцүү байгаа. Нислэгт багтаж чадахгүй үр хүүхдээсээ хол, бизнес нь дампуурчихсан, эх орон нь оруулахгүй. Тэдэнд анхаарч байгаа хүн байхгүй яг л эх оронгүй мэт байгаа шүү дээ. Миний хувьд дутагдаж гачигдах зүйл байгаагүй ч цаанаасаа л гэртээ харимаар санагдаад хэцүү байсан. Үнэхээр хүмүүсийн нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж ирэх хүсэлтээ гаргаж байгаа хүмүүс ихсэж байгаа. Тэр хүмүүсийн өмнөөс би дуугарч, сэтгэл минь өвдөж байна.

-Та тусгаарлалтын хугацаагаа дуусахаар хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Гэрийн тусгаарлалтаа Хөвсгөлд өнгөрөөнө. Нутагтаа очиж амарна даа. Мэдээж хэрэг өөрөө зовлонг нь мэдэрсэн хүн байна гадаадад гацсан иргэдээ эх оронд нь буцаах асуудлыг дэмжих болно.

-Дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Тэр талаар 2023 онд шийдэх байх.

Ярилцсанд баярлалаа.