О.Баянмөнх: Хамгаалах байранд охиныг минь хорьж, надтай уулзуулалгүй хил гаргах гэж байна

О.Баянмөнх: Хамгаалах байранд охиныг минь хорьж, надтай уулзуулалгүй хил гаргах гэж байна

Долоохон настай балчир охиныг төрсөн аавтай нь уулзуулахгүй ОХУ-руу хил давуулах гэж байгаа тухай харамсалтай мэдээлэл өнгөрөгч долоо хоногоос гарч эхэлсэн. Эл мэдээллийн мөрөөр бид охины аавтай холбогдож дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Хэрэг явдлыг тодруулбал, Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнх долоон настай үрээ Оросын талд алдахдаа хүрч, аргаа барахдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байгаа аж.

Д.Баянмөнх нь ОХУ-ын иргэн Тува эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад Монгол руу буцан ирж, улмаар эргээд ОХУ-руу орох гэхэд нь хар тамга дарагдан виза нь гараагүй аж. Удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст дахин хил даван бүсгүйдээ очиход тэр нь бусдын гарт амиа алдаж, харин тэдний дундаас төрсөн охин ОХУ-ын иргэнээр бүртгэгдэн асрамжийн газарт хүргэгдсэн байжээ. Ингээд өөрийн төрсөн охиноо асрамжийн газраас аван Монголдоо эргэн ирсэн байна. Тэрбээр дахин гэрлэж, хоёр дахь эхнэр болон ОХУ-д төрсөн өөрийн охин А-гийн хамт Увс аймагт саяхны болтол амьдарч байжээ.

Харамсалтай нь, Д.Баянмөнхтэй хувийн өс хонзонтой нэгэн түүнээс хонзонгоо авахын тулд түүнийг охиноо хүчирхийлдэг, зодож дарамталдаг зэргээр цагдаагийн газарт хандсан байна. Эцэстээ ОХУ-руу элчингийн газарт, Баянмөнхийг хар тамхины наймаачин, сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээх худал мэдээллүүд хүрчээ. Мэдээллийн мөрөөр Тувагаас албаны хүмүүс, Увс аймгийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан ирж, охиныг гэрээс нь хүчээр авч явсан байна. Одоогоор охиныг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалалтын байранд ДӨРӨВ дэх хоногтоо хориод байгаа ажээ.

Эл явдлын талаар бид Увс аймгийн иргэн, “Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнхтэй холбогдож дараах тодруулгыг авлаа. 

-Төрсөн охиныг тань яагаад таниас салгах болов?

-Надтай хувийн өс хонзонтой Г гэх иргэн намайг аль болж бүтэхгүй муу муухайгаар энд, тэнд яриад явсан. Эцэстээ миний охиныг надаас салгах шалтгаан болоод байна. Тэр хүн юу гэж ярихаараа ОХУ-ын Парламентын гишүүний чихэнд тийм үг хүрдэг байна гэж гайхаж байгаа. ОХУ-ын Тува Улсын парламентын гишүүн намайг Увс аймгийн засаг даргад “хар тамхины наймаачин” гэж хэлсэн байна лээ. Миний зүүд нойронд хар тамхи гэдэг үг байгаагүй. Надад нэг хүн “Чамайг Тувад хар тамхины хэрэгт гүтгэх гээд байгаа юм байна лээ шүү” гэж хэлж байсан. Охиныг минь надаас салгаж байгаа нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрдугаарт, ОХУ-ын талаас надад “Хүүхдийн асран хамгаалагч мөн” гэсэн бичиг өгөөгүй гэдэг шалтгаан. Өөр хүнээс хүүхдийг нь авсан тохиолдолд тийм бичиг өгдөг болохоос биш төрсөн эцэгт нь тийм бичиг өгнө гэж юу байх вэ.

-Таныг охиноо удаа дараа хүчирхийлдэг байсан гэх мэдээллийг өгснөөр таныг охиноо алдахад хүрсэн гэх мэдээлэл бий?

-Тийм ээ. Ингэж аймшигтайгаар гүтгэсэн. Шүүх эмнэлгийн байгууллагын дүгнэлт болон цагдаагийн байгууллагын шалгалтаар охиноо хүчирхийлээгүй, намайг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Мөн миний амь насанд халдахыг завдсан хэргээр одоо Г гэх иргэн шалгагдаж байгаа. Гэтэл Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа нь Гадаадын харъяатын газрын н.Адъяа гэх хүнээс “Энэ хүний хүүхдийг Тува руу явуулаад өгөөч” гэж гуйж байсан юм билээ. Мөн Тува Улсад суугаа Монголын Консулд хүсэлт гаргаж байсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Б.Нансалмаа гэх эмэгтэй 2019 оны хоёрдугаар сард Тува Улсын хүүхдийн асрамжийн газарт “Баянмөнхийн сэтгэл мэдрэл тэнцвэртэй бус” гэсэн бичиг явуулсан байсан. Энэ хүн намайг ингэж оролдсоор байгаад гадаад паспорт дээр хар тамга даруулсан. Ингээд би нэрээ солиулахаас аргагүйд хүрсэн.

-Б.Нансалмаа яагаад таниас хүүхдийг тань салгах үйл явдалд ингэж их улайрч оролцоод байгаа юм бэ?

-Би өмнө нь нэг удаа "Шүүхээр шийтгүүлж байсан хүн төрийн байгууллагад ажиллаж байгаа нь хэр шударга вэ" гэсэн утгатай Б.Нансалмаатай холбоотой постыг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлж байсан юм. Тэр постоос болж надтай өсөрхөж, миний хүүхэд рүү дайраад байгаа байх гэж бодож байна. Надад өс хонзон санасан хүн хүүхдийг минь харж байгаа гэж бодохоор том там юм. 

-Аймгийнхаа Засаг даргатай уулзаж, учир байдлаа хэлж үзэж байв уу?

-Хүүхдийнхээ асуудлаар уулзаж ярилцах гэтэл ”Чи түүх муутай хүн. Хар тамхины наймаачин юм билээ” гэж хэлж байсан. Өнөөдөр дахиад уулзсан чинь “Чамайг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм биш үү” гэж байна лээ.  

-Таниас охиныг тань хэзээ булааж авсан бэ. Одоо хаана байгаа вэ?

-Одоо Увс аймгийн “Гэр бүл хүүхэд залуучуудын газар”-ын хамгаалах байранд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт албаныхан ирээд “Хүүхдийг тань авч явахгүй, зөвхөн гадаад паспортыг үзүүлчих” гэж худлаа хэлээд тоглож байхад нь булаагаад аваад явсан. Хамгаалах байр гэдэг нэрний цаана хүний хорио явагдаж байна.

Оросын иргэн, Монголын иргэн гэдэг асуудлаас болж миний балчир охин дунд нь зовж байна. Дээр нь төрсөн эхийнхээ асуудлыг ч мэдэхгүй, сонсоогүй. Надаас холдоод энэ бүхнийг мэдчихвэл яаж цочролд орох бол гэхээс санаа зовж байна. Хэлэх цаг нь арай болоогүй шүү дээ.

-Хамгаалах байр руу авч явснаас хойш таныг уулзуулсан уу?

-Уулзах гээд очсон ч, уулзуулаагүй. Намайг хаалга үүд нүдэж, агсам согтуу тавьсан гэж хэлж байна лээ.  Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой, төрд шударга үнэнийг тогтоох ёстой төрийн байгууллагын нүүр царай ийм байгаад харамсч байна.  




Өнөөдөр бар өдөр

55 минутын өмнө