М.Эрдэнэжаргал: Энэ жил наадмын тасалбарыг онлайнаар борлуулахгүй

М.Эрдэнэжаргал: Энэ жил наадмын тасалбарыг онлайнаар борлуулахгүй

-ТАСАЛБАРЫН ҮНЭД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ, ДӨРВӨН ЦЭГЭЭР БОРЛУУЛНА -

Иргэд хонон, өнжин дугаарлаж хоёр ширхэг наадмын тасалбарыг худалдан авдаг үйл явдал удахгүй эхлэх гэж байна. Гэтэл шаглагчид наадмын тасалбарыг өндөр үнээр иргэдэд дамлан зардаг гэх мэт шүүмжлэлтэй асуудлууд олон бий. Тиймээс наадмын тасалбарыг худалдах цэгийг нэмэх, онлайнаар борлуулах ажлыг зохион байгуулахыг олон нийт холбогдох албаныхнаас шаардсаар ирсэн.

Энэ жилийн хувьд наадмын тасалбарыг хэзээнээс, хаагуур ямар зохион байгуулалтаар борлуулах талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргалтай холбогдож тодрууллаа.

-Энэ жилийн наадмын тасалбарыг хэзээнээс худалдаанд гаргах вэ?

-Баяр наадам зохион байгуулах комисс хуралдаж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Наадмын тасалбарыг яг хэдийнээс эхлэн борлууна гэдэг товыг одоогоор гаргаагүй байгаа. Долдугаар сарын 6,7-ны өдрүүдээс эхлэн худалдаанд гаргах болов уу.

-Тасалбарын үнэд өөрчлөлт орсон уу. Мөн хаагуур борлуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдэд борлуулсан үнээрээ л худалдаална. Тасалбарын үнийг нэмээгүй гэсэн үг. Долдугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнээр худалдаанд гарна. Мөн өнгөрсөн жил тасалбар борлуулсан цэг болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна.

-Наадмын тасалбар авах гэсэн иргэд хонон, өнжин дугаарладаг байдал энэ жил ч давтагдах байх. Тэгэхээр энэ байдлыг яаж зохицуулах вэ?.

-Цэнгэлдэх хүрээлэнгийн суудал цөөн гэдгийг та бүхэн мэднэ. Бидний хувьд зургаа, долоохон мянган тасалбар борлуулдаг. Манай борлуулах тасалбарын тоо цөөн. Тэгэхээр дээрх дөрвөн цэгээрээ дамжуулаад л борлуулна. Нэг цэг дээр 2000 орчим тасалбарыг худалдана. Тэгэхээр нэмж цэг гаргах шаардлагагүй. Нэг хүнд хоёроос илүү тасалбар өгөхгүй.

-Өнгөрсөн жил наадмын тасалбарыг онлайнаар борлуулсан. Энэ жил онлайнаар борлуулах уу?

-Онлайнаар борлуулна гэхээр ахмад настай бусад хүмүүсээ үзүүлэхэд төвөгтэй байдал үүсээд байна гэж бид үзсэн. Энэ жилдээ онлайнаар тасалбар худалдахгүй.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө