Коронавирусийн нөхцөл байдал сайжирмагц FATF-аас Монгол улсад ирж газар дээрх үнэлгээ хийхээр болжээ

Коронавирусийн нөхцөл байдал сайжирмагц FATF-аас Монгол улсад ирж газар дээрх үнэлгээ хийхээр болжээ

FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын зургаадугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдэгдэлд Монгол Улсад өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж үнэлжээ. 

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор FATF Саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг түр хойшлуулах шийдвэр гаргасан байсан ч Монгол болон Исланд улс хойшлуулахгүй байх хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг хүлээн авснаар манай улс тавдугаар сарын 11-нд ээлжит тайлангаа хүргүүлснийг FATF ийнхүү үнэлж, шинэчилсэн тайлангаа өчигдөр танилцуулжээ. 

Ингэхдээ манай улсыг дараах таван гол шинэчлэлийг хийж чадсан гэж үзжээ. Үүнд:  

  • Санхүүгийн бус бизнесийн салбарын эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг сайжруулах замаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг бууруулсан
  • Мөнгө угаах олон төрлийн үйл ажиллагааг мөрдөн байцаах, ял шийтгэл оногдуулах нь нэмэгдэж байгаа
  • Хуурамч, эх үүсвэр нь тодорхойгүй, хууль бус мөнгийг хориглох, хураан авах зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч буй нь харагдаж байгаа
  • Хоригоос зайлсхийхээс сэргийлэх чиглэлд эрх баригч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан
  • Санхүүгийн бус салбар дахь санхүүгийн мэдээллийн системийг сайжруулах, хэрэглэгчээ таньж, хянах, хариуцлага тооцох болсон гэдгийг онцолжээ.

Тиймээс коронавирусийн нөхцөл байдал сайжирмагц FATF-аас Монгол улсад ирж газар дээрх үнэлгээ хийхээ мэдэгджээ. Ингэснээр Монгол Улс Саарал жагсаалтаас гарах боломжтой болох нь. 

Манай улс олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцдэг FATF-ын Саарал жагсаалтад 2019 оны аравдугаар сард бүртгэгдсэн бөгөөд тус байгууллагаас өгдөг 40 зөвлөмжөөс зургаа дээр нь бүдэрсэн. Харин өнгөрсөн хугацаанд тэрхүү зургаан зөвлөмжийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг үе шаттай биелүүлсээр ийнхүү Саарал жагсаалтаас гарах бодит боломж бүрдлээ.