АТГ: Жастын Ш.Батхүүгийн хэрэг шүүхийн шатанд явж байна

АТГ: Жастын Ш.Батхүүгийн хэрэг шүүхийн шатанд явж байна

АТГ-аас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилсан ч шүүхээс хууль бусаар баривчилсан байна хэмээн сулласан энэ талаар тайлбар өгөөч?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Тус хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр прокурорын хяналтан дор баривчлах ажиллагаа явагдсан. Үүн дээр хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хууль заасан эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан ажиллагаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл надад алга байна.

-М.Энхсайханыг одоо ямар үндэслэлээр үргэлжлүүлэн шалгах вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

-Хөгжлийн банктай хамаарах зээлүүд шалгагдаж байгаа юу?

-Хөгжлийн банкны зээлтэй хамаарах асуудлаар хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа.

-“Эрэл”-ийн Д.Эрдэнэбаттай холбоотой хэрэг шалгагдаж байгаа юу?

-Энэ чиглэлд хариулах боломжгүй байна. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд эргээд мэдээлэл өгч болно.

-Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг ямар шатанд яваа вэ?

-Жастын Ш.Батхүүгийн хэрэг шүүхийн шатанд яваа. Шүүхээс АТГ дээр эргэж ирээгүй байна.

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн асуудлаар саатуулан шалгаад өнгөрсөн. Одоо яг ямар шатанд яваа юм бэ?

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарын  хэргийг шүүх рүү шилжүүлнэ.

-Хөгжлийн банкны хэрэгт ахиц гарсан уу, хэчнээн хүн, компанийг шалгаж байгаа вэ. "Эрэл"-ийн гэх П.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

- Өмнөх хурлууд дээр хэлж байсан. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой маш олон хэрэг олон жил дамжаад шалгагдаад явж байгаа. Тодорхой нэр, үйлдэл заасан мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажлын явцын мэдээлэл надад байхгүй. Прокуророос манайд анхааруулга ирсэн учраас мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөл хэвлэлийн хуралд оролцох боломжгүй болсон.