САЙН МЭДЭЭ: Зүрхний хагалгаанд орсон есөн монгол хүүхдийг өөрсдийн онгоцоор үнэгүй нутагт нь буцаалаа

САЙН МЭДЭЭ: Зүрхний хагалгаанд орсон есөн монгол хүүхдийг өөрсдийн онгоцоор үнэгүй нутагт нь буцаалаа

Хойд Америкт орших Каролина мужийн Гринсборо хотод Монгол улсаас ирсэн есөн гэр бүл дөрвөн сарын хугацааг өнгөрөөжээ. Эд бол төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдээ хүмүүнлэгийн тусламжаар дамжуулан Америкт эмчлүүлээд буцах гэж байсан монгол гэр бүл. Гэвч дэлхий даяар дэгдсэн цар тахлаас болж  эх орондоо буцаж чадахгүйд хүрчээ.  

Харин тэд “Samaritan”s Purse” хэмээх байгууллагын ачаар эх орондоо үнэгүй хүргэгдэх болсон баярт мэдээг өчигдөр сонссон  байна.

Уг байгууллага бол зүрхний эмчилгээ нэн шаардлагатай, эмнэлгийн орчин, тоног төхөөрөмж байхгүй оронд амьдардаг олон зуун хүүхдүүдийн амь насыг аврах ажиллагааг зохион байгуулдаг хүмүүнлэгийн байгууллага. 1997 оноос хойш “Хүүхдийн зүрхний төсөл” нь 1400 гаруй хүүхдэд аврах мэс заслыг амжилттай хийжээ.

-SAMARITAN”S PURSE БАЙГУУЛЛАГА СҮҮЛИЙН ДӨРВӨН САРЫН ТУРШ ТЭДНИЙГ НУТАГТ НЬ БУЦААХААР ХИЧЭЭЖ АЖИЛЛАЖЭЭ-

Тэд энэ талаараа өөрсдийн цахим хуудсандаа “ Дэлхий даяар дэгдсэн цар тахлын  дараа Монгол Улс хүн амаа хамгаалах үүднээс олон улсын нислэг үйлдэхийг хориглосон. Тус улсад ердөө 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд амь насаа алдсан тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн улсын хил хаагдсанаар зүрхний мэс засалд амжилттай орсон есөн гэр бүл өнөөг хүртэл хайртай хүмүүс рүүгээ  буцаж чадаагүй гэсэн үг юм. “Samaritan”s Purse” болон АНУ-ын эрх баригчид Монголын засгийн газартай хамтран сүүлийн хэдэн сарын турш эдгээр 18 иргэнийг долоон орчуулагчтай нь хамт (манай DC-8 онгоцоор) эх оронд нь буцаахад нь туслан, зөвшөөрөл авахаар хичээнгүйлэн ажилласан.

-ХҮҮ МААНЬ ОДОО ШИНЭ  ЗҮРХТЭЙ БОЛСОН. ОЛОН ЦАГААР ТОГЛОЖ, ГҮЙДЭГ БОЛСОН-

Харин өнгөрсөн долоо хоногт Монголын талаас зөвшөөрсөн хариу өглөө. Энэ мэдээг ээжүүд болон бяцхан жаалууд маш  баяртайгаар хүлээн авсан юм.  Нью Йоркийн “Олбани” эмнэлгийн төвд зүрхний мэс засал хийлгэсэн Ууганаа хүүгийн ээж н.Батнасан "Би маш их баяртай байна. Энд байх хугацаандаа олон сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзсан” гэсэн бол бас нэгэн монгол ээж н.Пүрэвсүрэн “Энэхүү төсөлд маш их баярлаж байна. Хүү маань одоо шинэ зүрхтэй болсон.  Одоо тэр хэвийн хоол идэж бас олон цагаар тоглож чадна” гэж ярьсан нь биднийг үнэхээр жаргалтай болгосон” хэмээн нийтэлсэн байна.

Мөн тус төслийн удирдагч Франклин Грахам өөрийн нүүр хуудсандаа “Есөн монгол жаал амжилттай хагалгаандаа орж, нутаг буцах аялалдаа гарч байна. Бидэнтэй хамтран ажилладаг АНУ-ын Хүүхдийн зүрхний төсөл, эмнэлгийн байгууллагуудад талархаж байна. Тэднийг эх орон луугаа  аюулгүй буцахын төлөө залбирцгаая - энэ бол урт зам!” хэмээн сэтгэгдэл оруулжээ.

-ТЭД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД БУЦАХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН ХЭДИЙ Ч ХЭН НЬ Ч БАГТАЖ ЧАДААГҮЙ ЮМ-

УОК-ын тавьсан таван шаардлагаар бол эдгээр хүүхдүүд  аль хэдийн эх орон, элгэн садандаа ирчих байсан Монгол улсын бяцхан иргэд. Гэвч Засгийн газар нь сонгууль, наадамд анхаарлаа хандуулан тэднийг мартсан цаг үед гадны байгууллага хүнийг хайрлах ухаан, хүмүүнлэгийн тусламжийн давуу талыг бидэнд харуулав.  Есөн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж, тэднийг эх орон элгэн саданд нь авчирсан “Samaritan”s Purse” байгууллагад нийт Монголчуудын нэрийн өмнөөс талархаж байна!