ОХУ: Монгол улс ШХАБ-т элсвэл дэмжинэ

ОХУ: Монгол улс ШХАБ-т элсвэл дэмжинэ

Монгол улс гадаад харилцааны бодлогын хүрээд төвийг сахих үзлийг сурталчлахгүй гэж өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн. 

Тэрбээр энэ талаар "Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан, төвийг сахих статустай болгох гэж оролдсон. Гэвч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон. Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой” гэсэн юм. 

Түүний уг мэдэгдэл нь Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх зорилготой юу гэх хардлага, таамаг бүхий мэдээлэл олон нийтийн дунд их яригдлаа. 

Тэгвэл Монгол улсыг ШХАБ-т элсвэл дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ ОХУ илэрхийлсэн гэж ТАСС агентлагт бичжээ. 

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов өчигдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа  “ШХАБ-ын гишүүн болохын ач холбогдлыг Монгол улсад идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчид аль, аль нь бий. Монгол найз нөхдийнхөө бие даасан сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг би батлан хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орнууд ч Монгол улсыг өнөр гэр бүлдээ таатай хүлээж авна гэж би бодож байна” гэж Моргулов ярьжээ.

Монгол Улс нь ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцдог юм. Зарим дипломатчид ажиглагчийн байр, сууринаас  оролцоход хангалттай хэмээн үздэг билээ.