С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын баярын үеэр нэг иргэн аянганд цохиулж хүнд гэмтжээ

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын баярын үеэр нэг иргэн аянганд цохиулж хүнд гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдөр МАН-ынхан ялалтын баяраа тэмдэглэж хаа, сайгүй найрлав. Баасан /2020.07.03/ гаригийн орой гишүүдийн танилцах үдэшлэг нэрээр  тансаг хүлээн авалтыг Их Тэнгэрт зохион байгуулж баяраа тэмдэглэсэн.

Үүнээс гадна нэлээн олон гишүүн сонгуулийн штабт ажилласан ажилчдаа хөдөө цуглуулан, хорхог боодог, архи дарсаар дайлан нэлээн өргөн баяр болцгоожээ. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Налайх, Багануурын нийлсэн 1000 орчим  гишүүн, дэмжигчээ Тэрэлжид цуглуулан баяр тэмдэглэсэн байна. Баяр идээ ундаа элбэг, алдартай дуучдын дуу хууртай нэлээн л сайхан эхэлж. 

Гэтэл энэ үеэр нэг эмэгтэй аянганд цохиулж хүнд гэмтсэн байна. Энэ талаар зарим сошиол хаягуудад бичсэнээр эмэгтэй Налайх дүүрэгт ажиллаж, амьдардаг хэсгийн ахлагчийн ажилтай нэгэн аж. 

Эмэгтэй 40 гаруй насных бөгөөд бороо орох үеэр хоол хийж байсан гэх мэдээлэл байна. Налайх дүүргийн түргэний эмчийг дуудаж тус эмэгтэйг явуулсны дараа цугласан хүмүүс баяраа үргэлжлүүлжээ. Эмэгтэйн биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд доод үе мөчүүд мэдээгүй байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.