Ж.Ганбаатар: Хамгийн хэрэгтэй Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаагүй байна

Ж.Ганбаатар: Хамгийн хэрэгтэй Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаагүй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт, асууж хариулт авч байна. 

Л.Энх-Амгалан:  Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа баталсан. Уг хуульдаа Эдийн засгийн хөгжлийн яамтай байна гэсэн заалт оруулсан. Гэтэл Засгийн газрын бүтцэд энэ яамыг оруулж ирсэнгүй. Ерөнхийлөгч өгсөн саналдаа "Тусдаа яам байгуулахгүй бол эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Шадар сайдын хариуцах асуудлын хүрээнд оруулах ёстой" гэсэн санал өгсөн байна. Ерөнхийлөгчийн санал бол зөв гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, чөлөөт бүсүүдийг Шадар сайдын хариуцах асуудлын хүрээнд оруулсан хэрнээ, хилийн боомтуудыг нь Сангийн сайдын хариуцах асуудлын хүрээнд багтаасан байна. Үүнийг хамтад нь Шадар сайддаа хариуцуулж болдоггүй юм уу?

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат: -Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаа тооцоолоод шинээр яам байгуулах нь зардал нэмэгдэхээс эхлээд сөрөг үр дагавартай гэж үзсэн. Мөн холбогдох хууль тогтоомжуудад нь өөрчлөлт оруулахаас эхлээд олон ажил хийх шаардлагатай учраас хугацааны хувьд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Хөгжлийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудлыг өнөөдрийнхөө зохион байгуулж ажиллах боломжтой гэж үзсэн.

Хилийн боомт, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг яг одоогийнхоор нь оруулж ирсэн. Хилийн тухай хуулиар Хилийн боомтын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийг нь Сангийн сайд ахалж ажилладаг. Тиймээс бид одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалтыг хэвээр нь оруулж ирсэн. Ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй гэсэн үг.

У.Хүрэлсүх:- Нэг яамыг татан буулгаж, шинээ байгуулаад сандал, ширээ зөөгөөд байхгүйгээр улс орноо эмх цэгцтэй аваад яв гэж ард түмэн маань сонголтоо хийсэн. Тиймээс Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтэц нь тогтвортой байж, ажил хариуцсан хүмүүс нь ажлаа үргэлжлүүлэн хариуцаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Тиймээс хууль хэрэгжүүлж яам байгуулах хугацааг нь хойшлуулсан. Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг ЗГХЭГ-ын дарга хариуцна. Ер нь аль болохоор л хөдөлгөөн багатай байлгая гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:- Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй гэж Ганбат дарга хэлсэн атлаа төгсгөлд нь хэрэггүй гэх юм. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд олдоггүй. Сангийн сайд, ЗГХЭГ, УУХҮЯ нь өөрөөсөө түлхдэг, хариуцах эзэнгүй болчихдог. ЗГХЭГ эдийн засгийн хөгжлийн асуудлыг аваад явахад цаг зав нь ч гарахгүй болов уу. Өнөөдөр эдийн засгийн асуудал Монгол Улсад хамгийн эхэнд тавигдаж байна. Сангийн сайдынх нь ч зав гарахгүй. Мөн ЖДҮ-ийн тухай хуулиар агентлагтай байх ёстой. Ямар хууль нь хэрэгжээд байдаг юм бэ. 800 мянган хүн ажилладаг салбар шүү дээ.

Ажлын хэсэг: -Орж ирсэн төсөлд хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой, урт хугацааны хөгжлийн асуудлыг уялдуулан зохицуулах үүргийг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд оногдуулсан. Зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө