Борооны улмаас зам эвдэрч, нийт 4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Борооны улмаас зам эвдэрч, нийт 4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ойрын өдрүүдэд орсон аадар борооны улмаас  Улаанбаатар хот усанд автаж, зарим авто зам эвдэрсэн.  Тодруулбал, зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдэрч, нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ асуудлын дагуу өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс/НОК/-ын хуралдаж, Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгө үнэгүйдэхэд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэл өглөө.

Дэнжийн мянгад барьсан үерээс хамгаалах далан нь стандартын шаардлага хангахгүйгээр баригдсан аж. Хана шиг баригдсан далан нь ойр тойрноо үерээс хамгаалж чаддаггүй. Даланг барихын тулд эхлээд захиалагч захиалга өгч, компани зургийг нь хийнэ.  Зургийн дагуу үерийн далан баригдана. Чанарын шаардлага хангасан эсэхийг комисс хянаж, хүлээн авах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл стандартын шаардлага хангахгүй даланг хүлээгээд авчихсан байдаг аж. Тиймээс энэ асуудлыг хариуцаж ажилласан албан тушаалтнууд хариуцлага хүлээх болж байна.

Энэ үеэр “Даланг эвдлээд байгаа газрын алба, дүүргийн удирдлагуудад үүрэг өгч байна. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ганц иргэн барилгын хогоо даланг дүүргэн буулгаснаас Нарны зам бүхэлдээ усанд автсан. Инженерийн суваг 1970, 1980-аад оныхоор байгаа нь хоцрогдсон, шинэ төвшинд аваачих ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Алдаатай юм хийж болохгүй.  Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Энэ бүх зүйлийг Нийслэлийн Авто замын газар нэгбүрчлэн гаргаж, хариуцлага тооцох хүмүүсийн нэрсийг гарга” гэсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

28 минутын өмнө